Thursday, February 15, 2018

МБҮЭ дүрмийн төсөл



МОНГОЛЫН БАГШ НАРЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ


Нэгдүгээр бүлэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1  Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо нь багшийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолоо хамтран хамгаалах зорилгоор энэхүү дүрмийн дагуу сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн Монголын бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш нар байнгын үйл ажиллагаа бүхий чөлөөт ардчилсан нэгдэл мөн.

1.2 Холбоо нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчим баримтална:
1.2.1 Ардчилсан, ил тод, шударга байдал
1.2.2 Эв санааны нэгдэл
1.2.3 Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх
1.2.4 Нийгмийн түншлэл
1.2.5 Өөрийгөө удирдах, санхүүжүүлэх
1.3 Холбооны нэр нь ”Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэл” (цаашид Холбоо гэнэ) Товчилбол МБҮЭ англи хэл рүү орчуулбал Federation of Mongolian Teachers Unions /FMTU/ болно.
1.4 Холбоо нь ҮЭ-ийн бусад мэргэжлийн холбоод болон ижил зорилготой олон улсын
багшийн ҮЭ-ийн байгууллагуудтэй хамтран ажиллах ба олон улсын багшийн байгууллага, Монголын ҮЭ-үүдийн Үндэсний төвд гишүүнээр элсэх, гарах эрхтэй.
1.5 Холбоо нь төр, аливаа улс төрийн нам, эзэд, аж ахуйн байгууллагаас хараат бус, Монгол улсын Үндсэн хууль ба бусад хуулиуд, Олон улсын эрхийн хэм хэмжээ, энэхүү дүрмийн хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа чөлөөтэй бие даан явуулна.
1.6 Холбоо нь өөрийн хэвлэл, далбаа, албан бичгийн хуудас, онцлох тэмдэгтэй байна.
1.7 МБҮЭ
Х нь .... үйл ажиллагаагаа явуулна.

Хоёрдугаар бүлэг. ХОЛБООНЫ ЗОРИЛГО
2.1 Багш нарын хөдөлмөрлөх болон нийгэм, эдийн засаг, оюуны эрх ашгийг хангахын төлөөх нэгдмэл нэг байгууллага байх,
2.2 Багш нарын мэргэжлийн хөгжлийг хангах,
боловсролын үйлчилгээг чанартай хангах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх
2.3
Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг стандарт шаардлагын түвшинд хүргэх, ажлын цаг, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах, баталгаажуулахын төлөө ажиллах,
2.4
Багш нарын ашиг сонирхолд нийцсэн хууль тогтоомжийг санаачлах, боловсруулж батлуулахад идэвхтэй нөлөөлөх, дэмжих,
2.5 Монгол улсын Үндсэн хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор ҮЭ-үүдэд зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулах,
2.6 Багшлах мэргэжилтэй холбогдох бүхий л асуудалд идэвхтэй нөлөөлөн, төлөвлөх, зохицуулахад оролцдог, дэмжин хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний байгууллага байх,
2.7
Багшийн мэргэжлийн ёс зүйг сахихад гишүүддээ дэмжлэг үзүүлэх, нэр төрийг нь хамгаалахын төлөө ажиллах,
2.8 Бүх түвшинд
багш нарын байгуулах хамтын гэрээ, хэлэлцээрийн гүйцэтгэх үүрэг ач холбогдол, үр дүнг дээшлүүлэх,

Гуравдугаар бүлэг. ГИШҮҮНЧЛЭЛ
3.1    Энэ дүрмийг хүлээн зөвшөөрч буй, өөрийн болон бусад гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон ашиг сонирхлыг нэгдэж, хамгаалахыг хүссэн  бүх түвшний сургууль, цэцэрлэгийн багш нар  сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэж аль нэг хороо, бүлэгт харьяалагдана.
3.2    
МБҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн зохион байгуулагч нь шинээр элссэн ажилтныг гишүүдийн бүртгэлд бүртгэн авч батлах олгоно.
3.3    Гишүүд нь нэг загварын батлахтай байна.
3.4    Холбооны дүрэм зөрчсөн гишүүний талаар гомдол хүлээн авангуут түүнд өөрийгөө өмгөөлөх боломж олгон, зохих хууль дүрмийн дагуу судлан тогтоох үйл ажиллагаа явуулсны дараа бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн хэрэв гишүүн буруутай болох нь тогтоогдвол түүнийг ҮЭ-ээс хасах хүртэл зохих арга хэмжээг авна.
3.5    Бусад ҮЭ-ийн холбооны гишүүн нь тус холбоонд давхар гишүүнчлэлтэй байж болохгүй.

3.6    Гишүүний эрх
3.6.1 МБҮЭ-ийн бүх гишүүдийн хуралд оролцох, санал өгөх,
3.6.2
МБҮЭ-ийн удирдах байгууллагад сонгох, сонгогдох,
3.6.3
МБҮЭ –ийн сургалт, семинарт оролцох,
3.6.4 Хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах, нийгмийн баталгаагаа хангуулах асуудлаар
МБҮЭ-ийн байгууллагад хандах, мэдээлэл авах, хууль зүйн зөвлөлгөө авах,
3.6.5
МБҮЭ-ийн бодлого, үйл ажиллагааны талаар болон бусад гишүүдийн талаар санал, гомдол гаргах,
3.7    Гишүүний үүрэг
3.7.1 Холбооны дүрмийг хүндэтгэн сахин биелүүлж,
МБҮЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөрсдийн гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хянах,
3.7.2 Гишүүний татварыг тогтоосон хэмжээгээр тогтмол хураалгах,
3.7.3 Хууль ёсыг дээдлэн сахиж, шударга хөдөлмөрлөхийн зэрэгцээ хууль ёсны ашиг сонирхолоо хамтран хамгаалах,
МБҮЭ-ийн эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй тэмцэх,
3.7.4 Бусад гишүүдийн тэгш эрхийг хүндэтгэх,
3.7.5 Аливаа улс үндэстний энх тайван, эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэл хөдөлгөөнийг дэмжих,

Дөрөвдүгээр бүлэг. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
4.1    Холбоо нь дараах бүтэцтэй байна.
4.1.1 МБҮЭ-ийн хороо, хороо нь бүлэгтэй байж болно.
4.1.2 Монгол Багш нарын ҮЭ-ийн холбоо
4.2    Холбооны удирдах дээд байгууллага нь Холбооны Их хурал байна
4.3    Их хурал нь 3 жилд нэг удаа хуралдах ба тухайн жилийн 3-5-р сард хуралдана.
4.4    Их хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоог Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас батлах бөгөөд бага хурлыг 2 сарын өмнө зарлана.
4.5    Их хурлаар хэлэлцэх баримт бичгийн төслийг Гүйцэтгэх зөвлөл, Гүйцэтгэх хорооноос оруулна.
4.6    Их хурлаар хэлэлцэх асуудал, баримт бичгийн төслүүдийг бага хурал хуралдахаас 7 хоногийн өмнө хороодод хүргүүлнэ.
4.7    Их хуралд хороодын 80-100 гишүүн тутмаас 1 төлөөлөгчийг, 100 гишүүн тутмаас нэг төлөөлөгчийг нэмж сонгоно. 80-аас доош гишүүдтэй хороод бүх гишүүдийн төлөөллийн хурлаар бага хурлын төлөөлөгчөө сонгоно.
4.8    Төлөөлөгчдийн тоог гишүүдийн нэрчилсэн бүртгэл, татварын тооцоог үндэслэн тогтооно.
4.9    Сонгогдсон төлөөлөгч ямар нэг шалтгаанаар оролцох боломжгүй бол дараагийн хамгийн олон санал авсан гишүүн төлөөлөгчөөр оролцоно.
4.10 Их хурлын төлөөлөгчийг нууц санал хураалтаар сонгоно.
4.11 Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь ирсэн тохиолдолд  их хурлын хуралдааныг хүчинтэйд тооцно.
4.12 Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
4.12.1    Холбооны хөгжлийн стратеги зорилт, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэж батална.
4.12.2    Холбооны Гүйцэтгэх хороог 9 хүний бүрэлдхүүнтэй сонгоно. Үүнд:
·         Ерөнхийлөгч
·         Ерөнхий нарийн бичгийн дарга
·         ЕБС-ийн 5, цэцэрлэгүүдийн 3 төлөөлөл, орон нутгийн төлөөлөл 1 тус тус байна.

4.12.3 Гишүүдийн татварын хэмжээг тогтооно.
4.12.4 Хяналтын хороогоор шалгуулсан холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэнэ.
4.12.5 Дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батална.
4.12.6 Хяналтын хорооны дарга гишүүдийг сонгоно. Хяналтын хороо 7 хүний бүрэлдхүүнтэй байна.
4.12.7 Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно.
4.12.8 Хэлэлцэх асуудалд туссан бусад асуудлыг хэлэлцэнэ.
4.12.9 Шаардлага гарвал мэргэжлийн чиглэлээр салбар хуралдаан хийнэ.
4.12.10    МБҮЭ-ийн Холбооны Их хуралд төлөөлөгч, Ерөнхий зөвлөлд төлөөллөө сонгоно
4.13 Холбоо нь ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн сонгуульт удирдах ажилтнуудтай байна. Ерөнхийлөгч нь орон тооны бус, Ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тоогоор тус тус ажиллана.
4.14 Холбооны сонгуульт удирдах ажилтан нь:
4.14.1 Сүүлийн 10 сар татвар төлсөн холбооны гишүүн байх,
4.14.2 Хөдөлмөрийн насны байх,
4.14.3 Монгол улсын иргэн байх,
4.14.4 3-аас доошгүй жил
багшаар ажилласан байх,
4.14.5 Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх,
4.14.6 Улс төрийн намын удирдлагад сонгогдоогүй байх шалгуурыг хангасан байна.
4.15 Сонгуульт удирдах ажилтнууд нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй.
4.16 Ээлжит бус бага хурал нь гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр шаардлагатай гэж үзсэн үед эсвэл хороодын дөрөвний нэгээс доошгүй хувийг төлөөлсөн хурлаас шалтгаанаа бичгээр тодорхойлон шаардсан нөхцөлд хуралдана.
4.17 Шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааныг хуралдуулж ээлжит бус бага хурлын товыг зарлана.

Тавдугаар бүлэг. ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ
5.1    Их хурлуудын хооронд холбооны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Гүйцэтгэх зөвлөл хэрэгжүүлнэ.
5.2    Гүйцэтгэх зөвлөл жил тутам 1-р улиралд багтаж хуралдана.
5.3    Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдхүүнд:
5.3.1 Гүйцэтгэх хорооны 11 гишүүн,
5.3.2 Хяналтын хорооны 7 гишүүн,
5.3.3 300 гишүүн тутмаас 1 төлөөлөл байна.
5.4    Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар:
5.4.1 Хяналтын хороогоор шалгуулсан холбооны жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.
5.4.2 Нийгэм эдийн засаг, төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн төсвийг хэлэлцэн батлана.
5.4.3 Хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах асуудлууд, Гүйцэтгэх хороонд өгөх бодлогын зөвлөмж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг санал болгох,
5.4.4 Байнгын хороодын бүрэлдэхүүнийг батлах,
5.4.5 Нөхөн сонгууль хийнэ.
5.4.6 Холбоо нь өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх болон бусад хөрөнгийг эзэмших, ашиглах, актлах, захиран зарцуулах асуудлыг хэлэлцэнэ.
5.4.7
МБҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн хурлын протокол тогтоолыг үндэслэн ҮЭ-ийн хороог холбооны гишүүнээс гаргах эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
5.4.8 Бага хуралд бэлтгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийг байгуулна.
5.4.9 Тулгамдсан бусад асуудлыг хэлэлцэнэ.
5.5    Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирсэн тохиолдолд хуралдаан хүчин төгөлдөр байна.
5.6    Гүйцэтгэх зөвлөлийн хурлын зарыг 7 хоногийн өмнө хэлэлцэх асуудал, материалуудын хамт гишүүдэд хүргүүлнэ.
5.7    Бага хурлуудын хооронд дүрмээр зохицуулаагүй асуудлуудыг тодорхойлох, дүрмийг тайлбарлах эрхтэй.
5.8    Холбооны сонгуульт удирдах ажилтнуудад зөвлөмж, чиглэл, анхааруулга, хугацаатай үүрэг, зааврыг өгнө.
5.9    Холбооны мөнгөн хөрөнгө, өмч хөрөнгийг буруугаар зарцуулсан нь хяналтын хорооны шалгалтаар тогтоогдсон орон тооны болон ажилтнуудад хариуцлага тооцон, учруулсан хохирлыг барагдуулахыг Гүйцэтгэх хороонд даалгана.
5.10 Холбооны ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийсэн, дүрэм зөрчсөн, холбооны нэр хүндийг гутаасан, хамтын шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, шударга бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон тохиолдолд ажилтныг ажлаас халах, сонгуульт ажилтныг албан тушаалаас огцруулах хүртэлх арга хэмжээг авна.
5.11 Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Гүйцэтгэх хорооны шийдвэрээр эсвэл Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн олонхи бичгээр шаардвал зарлан хуралдуулна.
5.12 Гүйцэтгэх зөвлөл нь бага хурлын дараа хуралдаж дараахи байнгын хороодод гишүүдээ хуваарилан ажлаа зохион байгуулна.Үүнд:
5.12.1 Хүний эрх ба ҮЭ-ийн эрх, зохион байгуулалтын
5.12.2 Нийгэм эдийн засаг, төсвийн
5.12.3 Салбарын бодлого, зохицуулалтын
5.12.4 Төслийн
5.12.5 Эмэгтэйчүүдийн
5.12.6 Хүүхэд залуучуудын
5.13 Шаардлага гарвал бусад байнгын хороог Гүйцэтгэх хорооны шийдвэрээр байгуулж болно.

Зургадугаар бүлэг. ГҮЙЦЭТГЭХ ХОРОО БА СОНГУУЛЬТ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
6.1    Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны хооронд Гүйцэтгэх хороо холбоог удирдана.
6.2    Холбооны гүйцэтгэх хорооны 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна.
6.3    Гүйцэтгэх хорооны хуралдааныг жилд 10-аас доошгүй удаа хуралдуулна.
6.4    Хүндэтгэх шалтгаангүйгээр Гүйцэтгэх хорооны дараалсан 3 хуралдаанд оролцож чадаагүй аль ч гишүүнийг Гүйцэтгэх хорооны гишүүнээс хасагдсанд тооцно.
6.5    Холбооны ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх хорооны гишүүдийн олонхийн саналаар Гүйцэтгэх хорооны хуралдааныг хуралдуулна.
6.6    Гүйцэтгэх хороо дараахь үүргийг хүлээнэ:
6.6.1 Шаардлагатай гэж үзвэл хууль, эдийн засаг ба боловсролын асуудлаарх зөвлөхүүд ажилтныг гэрээгээр ажиллуулж болно.
6.6.2 Гүйцэтгэх хороо нь байнгын хороодын ажиллах журмыг батлана.
6.6.3 Гүйцэтгэх хорооны гишүүдийг ажлын хэсэг, түр хороонд томилон ажиллуулна.
6.6.4 Бусад байгууллага дахь холбооны төлөөлөл, ажлын хэсэг, МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлд сонгогдсон гишүүдийн мэдээлэл, гадаад томилолтын тайланг сонсож хэлэлцэнэ.
6.6.5 Нийгэм, эдийн засгийн төсвийн хорооноос санал болгосон төсвийн төслийг хэлэлцэж Гүйцэтгэх зөвлөлийн хуралд оруулна.
6.6.6 Холбооноос явуулсан үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд тавина.
6.6.7 Холбооны санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр авч хэлэлцэнэ.
6.6.8 Холбоонд хэрэгжиж буй төслүүдийн явцын ба санхүүгийн тайланг хагас жил тутамд хэлэлцэнэ.
6.7    Холбооны Ерөнхийлөгчийн үүрэг:
6.7.1 Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан, гүйцэтгэх хорооны хурлыг даргална. Санал тэнцсэн тохиолдолд ерөнхийлөгчийн санал шийдвэрлэх үүрэгтэй байна. Хурлын протоколтой танилцаж гарын үсэг зурж баталгаажуулна.
6.7.2 Холбооны бодлого, хөтөлбөрүүдээс урган гарч буй асуудлуудын талаар үндэсний хэмжээнд байр сууриа илэрхийлэх, шаардлагатай үед төрөл бүрийн компанит ажил, тэмцлийг зохион байгуулж, үр дүнд хүргэнэ.
6.7.3 Холбооны бүх түвшинд хэрэгжиж байгаа ажлыг олон нийтэд, ялангуяа гишүүдэд мэдээлж сурталчилна.
6.7.4 Ерөнхийлөгч нь Гүйцэтгэх хороотой хэлэлцэн зөвшилцөж тэдний өмнөөс Бага хуралд тайлан тавина. Бага хуралд тавих тайлан илтгэлийн төслөө Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна.
6.7.5 Холбооны дүрмийн биелэлтэнд хяналт тавина.
6.7.6 Олон улсын төслийн хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавина.
6.7.7 Холбоо, хороодын эв санааны нэгдлийг хангаж ажиллана.
6.7.8 Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлнэ. Засгийн газар, ажил олгогчидтой нийгмийн түншлэлийн хүрээнд зөвшилцөж ажиллана.
6.7.9 Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлнэ.
6.7.10 Хүний нөөцийн бодлогыг боловсруулан, холбоог боловсон хүчнээр бэхжүүлнэ.
6.8 Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг
6.8.1 МБҮЭ-ийн дүрэм, Бага хурал, Гүйцэтгэх зөвлөлөөс баталсан ҮЭ-ийн бодлого шийдвэрийг Ерөнхийлөгчтэй зөвлөлдөн хэрэгжүүлнэ.
6.8.2
МБҮЭ-ийн албан байрны үйл ажиллагааг хариуцна.
6.8.3 Бүх гадаад болон дотоод захидал, албан бичигт гарын үсэг зурна.
6.8.4 М
БҮЭХ ба ОУББ-д шаардлагатай бүх мэдээ тайланг гаргаж өгнө.
6.8.5 Гишүүнчлэлийн бүртгэлийг хариуцан хөтлүүлнэ.
6.8.6 Холбооны санхүүгийн баримт бичгэнд гарын үсэг зурж батлагдсан төсвийг захиран зарцуулна.
6.8.7 Үйл ажиллагааны төлөвлөгөөг хагас жилээр хийж, Гүйцэтгэх хороогоор батлуулан хэрэгжүүлнэ.
6.8.8 Хороодын ажлын уялдаа холбоог хангаж, сонгуультан болон ажилтнуудыг чадваржуулах, мэргэшүүлэх,
6.8.9 Холбооны ажлын албанд хөдөлмөрийн болон бусад гэрээгээр ажиллах ажилтнуудтай гэрээ байгуулан өдөр тутмын удирдлагаар хангаж, ажлын үр дүнг тооцож ажиллана.
6.8.10 Гүйцэтгэх Зөвлөлөөс өгсөн нэмэлт үүргүүдийг хэрэгжүүлнэ.
6.9    Холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь хууль, дүрэм зөрчсөн буюу ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг шалтгаанаар түүнийг хугацаанаас өмнө огцруулахыг гишүүдийн 50-аас дээш хувийг төлөөлсөн хороодын төлөөллийн хурал эсвэл гүйцэтгэх зөвлөлийн гуравны хоёроос доошгүй нь шаардвал гүйцэтгэх зөвлөл ээлжит бус бага хурал зарлан хуралдуулж, асуудлыг шийдвэрлэнэ.

Долдугаар бүлэг. ҮЭ-ИЙН ХОРООД БА БҮЛГҮҮД
7.1 МБҮЭ-ийн хороо, бүлэг нь холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ҮЭ-ийн үндсэн нэгж юм.
7.2
МБҮЭ-ийн хороо нь хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд байх ба гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэлтэй байна.
7.3    1000-аас дээш гишүүнтэй хороод 20 гишүүн тутмаас 1 төлөөлөлтэй бүх гишүүдийн төлөөллийн хурал хийнэ.
7.4
МБҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн зохион байгуулагч, гүйцэтгэх хорооны гишүүд, хяналтын хорооны дарга, гишүүд нь бүх гишүүдийн болон бүх гишүүдийн төлөөллийн хурлаас 3 жил тутамд нууц санал хураалтаар сонгогдоно.
7.5 Жил бүр бүх гишүүдийн болон бүх гишүүдийн төлөөллийн хурлыг хийх ба хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
7.5.1 Хяналтын хороогоор шалгуулсан үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах,
7.5.2 Хамтын гэрээний биелэлт, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
7.5.3 Үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв,
7.5.4 Бусад асуудлыг хэлэлцэнэ.
7.6 Холбооны бодлого шийдвэр, үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх, гишүүдийн эрх ашгийг ажлын байранд тууштай хамгаалах үүргийг үндсэн нэгжийн МБҮЭ-ийн хороо, бүлэг хүлээх ба шаардлагатай үед тулгамдсан асуудлаар бүх гишүүдийн хурлыг хийнэ.
7.7
МБҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн зохион байгуулагч нь энэхүү дүрмийг зөрчсөн гэж гишүүдийн гуравны хоёр нь үзвэл бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулж сонгууль явуулна.
7.8
МБҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн зохион байгуулагч нь бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, өөр ажилд шилжих, нас барах тохиолдолд бүх гишүүдийн хурлыг ажлын 14 хоногийн дотор зарлан хуралдуулж сонгууль явуулна.
7.9 ҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн зохион байгуулагч нь ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль ба Холбооны дүрмийн дагуу үйл ажиллагаагаа ажил олгогчоос хараат бус байдлаар бие даан явуулна.

Наймдугаар бүлэг. ТАТВАР, САНХҮҮ, ӨМЧ ХӨРӨНГӨ
8.1    Холбооны өмч хөрөнгө нь гишүүдийн татвар, тусламж, хандив болон үндсэн хөрөнгө, бусад орлогоос бүрдэнэ.
8.2    ҮЭ-ийн гишүүний татвар нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 1 хувиас дээшгүй байна.
8.3    Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татвараа төлөлгүй 3 сараас илүү хугацаа хэтэрвэл гишүүнээс хасагдсанд тооцно.
8.4    Татварыг бэлэн бусаар /дансаар/ хураана. Данс
МБҮЭ-ийн байгууллагын нэр дээр байна.
8.5    ҮЭ-ийн хороод татварын 15 хувийг холбооны дансанд шилжүүлэх ба 85  хувь нь ҮЭ-ийн хороонд үлдэнэ.
8.6    ҮЭ-ийн хороодын дарга нар улирал бүхний эхний арав хоногт багтааж  өмнөх улирлын татварын тооцоог хийнэ.
8.7    Холбоо, хороод санхүүгийн хувьд бие биенээсээ хараат бус байна.
8.8    Холбоо, хороодын өмч хөрөнгө, татвар, санхүүгийн үйл ажиллагаанд төр, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч хөндлөнгөөс үл оролцоно. ҮЭ-ийн өмч хөрөнгийг аливаа нэг улс төрийн намын болон бизнесийн үйл ажиллагаанд  ашиглаж болохгүй.
8.9    Мөнгөн хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Гүйцэтгэх хорооны тогтоолоор нийгэм, соёл, хамтын тэмцэл, шагнал, урамшуулал, хуулийн зөвлөлгөө, сургалт, цалин, ажлын хөлс, НДШ, захиргаа, аудит, хурал, цуглаан, мэдээлэл, сурталчилгаа, түрээсийн зардал, гишүүнчлэлтэй ҮЭ-ийн төв болон ОУ-ын байгууллагын татвар, Хяналтын хороо, байнгын хороодын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.
8.10 Сонгуульт удирдах албан тушаалтнууд ба бүх шатны сонгуультнууд, орон тооны ажилтнууд холбооны эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр эд хөрөнгийг зарах, солих, бусдад дамжуулах эрхгүй.
8.11 Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар
МБҮЭ-ийн хороо, нэгдсэн хороодоос авах хураамжийн хэмжээг нууц санал хураалтаар тогтоох ба хороод 1 сарын дотор төлөх үүрэгтэй.
8.12 Холбоо, нэгдсэн хороод нь дүрмийн зорилтоо хэрэгжүүлэх, гишүүддээ үйлчлэх зорилгоор нийгмийн үйлчилгээний байгууллага, ажил хаялт ба даатгалын сангуудыг байгуулан ажиллуулж болно. Сангийн дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэх зөвлөл батална.
8.13 Холбоо, түүний хороод нь татвар санхүү, хөрөнгийн зарцуулалтын тухай гишүүддээ жил бүр мэдээлнэ.
8.14 Ерөнхий нарийн бичгийн даргад урьдчилан мэдэгдэл өгсний дараа гишүүн бүр санхүүгийн тайлан тооцоо, дансыг үзэх эрхтэй.
8.15
МБҮЭ-ийн хороо, Гүйцэтгэх хорооныхоо шийдвэрээр үндсэн хөрөнгө худалдан авч эд хөрөнгийн бүртгэлдээ бүртгэн авах ба МБҮЭ-ийн хороодын дарга нар өөрчлөгдөхөд ҮЭ-ийн татвар, эд хөрөнгийг зохих дансаар хүлээлцэж байна.

Есдүгээр бүлэг. СОНГУУЛЬ
9.1    Холбооны гишүүн сонгуульт албан тушаалд нэр дэвшигдэх, өөрөө нэр дэвшүүлэх эрхтэй.
9.2   Холбооны их хуралд бэлтгэх ажлын хэсэг нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дүрмийн шаардлагад нийцсэн байвал бүртгэж авна. Их хурлын төлөөлөгчдөд нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хийнэ.
9.3    Сонгууль нууц санал хураалтаар явагдана.
9.4    Нэр дэвшигчид санал хураалтанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдоно.
9.5    Гурав ба түүнээс дээш тооны хүн нэр дэвшин анхны санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч 50.1-с дээш хувийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн нэрийг санал өгөх хуудсанд үлдээж 2 дахь санал хураалт явуулна.
9.6    Бүрэн эрхийн хугацаа тухайн бага хурал хаахаас эхэлж дараагийн Их хурал хаах хүртэл үргэлжилнэ.
9.7    Нэр дэвшигч бүр саналын хуудсыг тоолох явцыг хянах ажиллагчийг ажиллуулж болно.
9.8    Саналын хуудас тоолсон дүнг санал хураалт бүрийн дараа тооллогын комиссын тогтоол гарган төлөөлөгчдөөр батлуулна.
9.9    Саналын хуудсуудыг сонгууль дуусмагц устгана.

Аравдугаар бүлэг. ДҮРЭМ, ДҮРМЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
10.1 Бага хурал нь дүрэм, дүрмэнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
10.2 Дүрмийн өөрчлөлтийн саналыг Их  хурал хуралдахаас 1 сарын өмнө бүх гишүүдэд мэдээлнэ
10.3 Нэмэлт өөрчлөлтүүд их хурлаар батлагдмагц хүчин төгөлдөр болно.

Арваннэгдүгээр бүлэг. ХОЛБООГ НЭГТГЭХ, НИЙЛҮҮЛЭХ БА ТАТАН БУУЛГАХ

11.1 Холбоог нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах эрх гагцхүү Холбооны их хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдана. Шаардлагатай гэж үзвэл Холбоог нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах эсэх тухай асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлж, нууцаар санал хураан, Их хуралд ирсэн төлөөлөгчдийн 75-аас доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ.
11.2 Их хурлаас холбоог татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд Холбооны эрх залгамжлагчийн тухай болон хөрөнгийн асуудлыг Монгол улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
























Монголын Багшийн ҮЭ-ийн Холбооны Хяналтын хорооны дүрэм
МБҮЭ-ийн анхдугаар их хурлаар
хурлаар батлав.
2018.2.23

Энэхүү дүрмээр ҮЭ-үүдийн эрхийн тухай Монгол Улсын хууль, Монголын
Монголын Багш нарын ҮЭ-ийн Холбооны бодлого, дүрмийн хэрэгжилтэнд тавих хяналтыг тус холбооны хяналтын хорооноос идэвхжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1. Холбооны Хяналтын хороо нь Монгол улсын ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль, холбооны дүрмийн хэрэгжилтийг холбоо, хороодод шалгаж дүгнэлт өгөх, энэ хүрээнд гарсан маргааныг магадлан шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажлын төлөвлөгөө, удирдамжаа батлан ажиллана.
2. Холбооны санхүүгийн үйл ажиллагааг хагас жилд нэг удаа шалгаж, үл хөдлөх ба бусад хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж дүгнэлт хийх ба зөрчлийг арилгуулна.
3. Холбооны санхүүгийн бүх материалуудыг шалгуулах үүргийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээнэ.
4. Хяналтын хорооны хяналт шалгалт нь Монгол Улсын хуулийг дээдлэн, шударга, ил тод явагдах зарчимд тулгуурлана.
5. Хяналт шалгалт нь холбооны гүйцэтгэх зөвлөлийн саналыг харгалзах бөгөөд шалгалтад холбогдох баримт бичгийг /гарын үсэг бүхий/ архивт орохуйцаар бэлтгэсэн байна.
6. Хяналтын хороо нь шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна. Шалгалтын дүнг гүйцэтгэх зөвлөлийн хурал, бага хуралд хэлэлцүүлж зохих тогтоол шийдвэр гаргуулна.
7. Холбооны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэх саналыг тавьж болно.
8. Хяналтын хорооны гишүүдээс хүндэтгэн үзэх шалтгаанаар сонгуульт үүргээ биелүүлэх боломжгүй болсон буюу огцруулах тохиолдолд гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд тавьж шийдвэрлүүлнэ.
9. ҮЭ-ийн гишүүн өөрийн олж мэдсэн санхүүгийн хариуцлагагүй явдлын талаар бичгээр Хяналтын хороонд мэдэгдвэл, шалгаж хариуг бичгээр өгнө.
10. Хяналтын хороо нь дүрмэнд заасан үүргээ биелүүлэхдээ шаардлагатай шийдвэр, тодорхойлолт, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулж авах эрхтэй.
11. Хяналтын хорооны гишүүд зарим мэргэжлийн хүмүүсийг туслалцуулах зорилгоор шалгалтад оролцуулна.
12. Хяналт шалгалтад оролцсон хүмүүст зохих ажлын хөлс, урамшуулал олгоно.
13. Шалгалтын дүнтэй холбогдуулан зохих шийдвэр /тогтоол/ гаргах ба ҮЭ-ийн гишүүдэд мэдээлнэ.
14. Хяналтын хорооны үйл ажиллагаа явуулахад шаардагдах ажлын байр, холбоо, унаа болон бусад хангамжийн асуудлыг холбоо хариуцна. 


 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/02/blog-post_15.html

Wednesday, February 14, 2018

Боловсролын сүүлчийн "мокикан"






Боловсролын сүүлчийн "мокикан"


Сүүлчийн Мокикан (The last of Mohicans). Энэ сайхан өрнөлтэй, саруул төгсгөлтэй сайн ший л дээ.

Энэ шийнд цагаан гэх шар арьстнуудын Америк тивийг эзэгнэж түрэмгийлж, эзэмшин колончилохын эсрэг тэмцсээр цөөрч, цөөрч тэмцсээр, идэгдсээр, үзэлцсээр, эцэстээ сүүлчийн ганц Мокикан үлдэнэ. Ингэж үлдэх сүүлчийн Мокикан хүртэл эцэстээ Мокикануудын дунд өссөн цагаан арьстан хүн байх. Нум сумыг хурдан буугаар номхолж байгаа аймшигт энэ колончиллоор үнэндээ сүүлчийн гэх ганц ч Мокикан үлдээгүйг энэ ший хэлдэг юм.Их санаатай ший л дээ.

Одоогоос дөрвөн зууны тэртээд болсон Европын колончлолын үеийн улаан арьстны тэр цагийн уйтгарт түүх энэ цагт монголыг хар массжуулах, хоослох олигархийн оюуны колончиллын гашуун үүх болж дахин давтагдаж байна.

Одоохондоо, боловсролын байгууллага, ЕБС-ийн сургууль, цэцэрлэг бүрт боловсролын өнгөрсний санамж, одоогийн сургамж, ирээдүйн дүрийг тээж, хүнд ачааг үүрч яваа сүүлчийн гэгдэх "мокикан" ганц болов байна аа байна. Арай ч төгсгөн дуусчихаагүй байна.

Сургууль бүрийн сүүлчийн энэ мокикан л мөн чанараараа багшийг олигархийн энэ аймшигт колончилолд амьд авч үлдэхийн төлөө; үндэсний түвшний оюуны энэ колончилол, гуйланчлалыг зогсоохын төлөө их үзэж байна, их тэмцэж явна. Их эрсдэл үүрч явна. Уйлж, дуулж, үглэж явна юм.

Боловсролын мокиканы энэ тэмцэл тэр ший шигээ эр зоригт өрнөлтэй байх ёстой. Харин түүн шиг гунигт төгсгөлтэй байх ёсгүй.

Үүний тулд сургуулийн бүрийн сүүлчийн "мокиканиуд" нэгдэн өрнүүлж байгаа багшийн цалинг нэмүүлэх энэ тэмцлээрээ тэд сүүлчийн байж төгсөхгүй, харин багшаа аврах, боловсролоо манах_ монголоо мандуулах ирээдүйн мөнхийн дайчин мокиканийг төрүүлж тэмцэнэ; бүтээж оршино. Бас одно. Үүний төлөө сүүлчийн мокикан шиг харин үзэлцэнэ, тэрсэлдэнэ, тэмцэлдэнэ.

Үүгээрээ боловсролын сүүлчийн мокиканы төгсгөл "Сүүлчийн Мокикан"-аас ялгагдана.

Боловсролын сүүлчийн мокикан иймд энэ улсын их дэвшлийн эхний мокикан байх болно.

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/02/blog-post.html


Талархал  

Энэхүү бичвэрээ монголыг хар массжуулах гэсэн  хариас хаялгатай олигархи дарангуйллаас боловсрол,   нийгмээ салгаж монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжилд хүргэх язгууртай  багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн тэмцлийн эхний эгнээнд өөрийгөө илээманлайлж яваа цөөхөн хэдхээн багш нартай энэхүү мөрүүдийг зориулав. Боловсролын сүүлчийн "мокикан" гэгддэг та бүхэн монголын эх дэвшлийн эхний "мокикан" байх болно. 




Monday, February 12, 2018

Том үйлс том эрсдэл

Том үйлс том эрсдэл

Багш ядуурахад багш бас их ядарна. Түүний илрэл энд тэнд их бий.

Жишээ нь, "Миний өмнөөс та үхчих" гэсэн янзтай багш нар байна аа байна. Тэд өөрийнхөө төлөө үйлсээ хүний төлөө хийж байна гэж харах янзтай.

Ийм хүн багш байж болохгүй. Багш ер нь долдой байж үл болно. Пялдага байж болохгүй. Багш хэтэрхий ноомой байж мөн үл болно. Учир нь тэр хүний амьдралын замыг гэрэлтүүлэх эх мэргэжлийн эзэн, их соёлыг тээгч юм.

Үүнийг багшийг бодлогоор ядууруулж ядраан доройтуулсан өнөөх 30 жилд авилгалаар багш болсон багш нэртэй багш бус улс дотроо өдөр бүр ухаарч босох хэрэгтэй. Өөрийгөө засах хэрэгтэй. Учир нь ийм байдлаар тэд хол явахгүй.

Бид өөрөө өөрөөрөө өндийсэн багшийн энэ хөдөлгөөн, тэмцлээр багшаа ядруулсаар гарна. Бас багшаа мэргэжлээ багш бус хүмүүсээс цэвэрлэнэ. Бас монголоо олигархийн савраас гарна. Улсаа хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжилд хүргэнэ. Ингэхэд эрсдэл бий.

Эрсдэл үгүйд амжилт үгүй.

Том эрсдэл том амжилт.

Том үйлс тэгэхээр том эрсдэл.

Ц. Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/02/blog-post_36.html

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...