Wednesday, May 2, 2018

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан


Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт.
Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурав өнөөгийн монгол хүн, манай нийгэм, монгол улсын жинхэнэ дайсан мөн.

Архидалт бол яагаав, нөгөө архидуулах бодлого үр шүү дээ. Архидуулах бодлого ингэж эхэлсэн юм даг. "Та нар эрх чөлөөгүй мөн хэцүү байна. Та нарт эрх чөлөөг өглөө. Одоо эрх чөлөөгөө эдлэ..." Тэгээд архийг хоол мэт хоол, ундааны дэлгүүрт зэрэгцүүлж зарж эхлэв. Өнөөх 30 жилд ганцхан хөгжсөн нь архины үйлдвэр болов. Аймаг сум, дэлгүүр бүхэнд хүрч хөгжив, тэр. Яагаав, нөгөө 40 чингэлэг архи тань энэ монголд л шингэв. Түүнийг энэ халтартсан Монголчууд л ууж дуусгав. Яагаав, нөгөө архины үйлдвэрийн хэдэн тонн литр архийг өнөөх халтарууд гэх монголчууд л ууж дуусгахаар үзэж байна. Бар улс болгоно гээд харин баар улс болгов. Гудамж бүрт, байшинд бүрт баар хэд хэдээрээ гунигийн дуутай хамт 24 цаг ажиллах байх. Тэнд монголчууд архидаж, уйлж байх. Архидахгүй байх нь өнөөгийн монголд ёстой соёлгүй мэт болно. Эр эмгүй архидаж, гудамжинд гарсан байх нь элбэгжиж байна. Архиар олон хүнийг, олон иргэншлийг устгасан шиг өнөөгийн монголчууд архинд уусаж байна. Архи тэдний ууж байна. Архи тэдний устгаж байна. Архидуулах хорон бодлогын дүнд өнөөгийн монголчууд нийтээр үлгэрийн баатар чонын хүү Шаалуу болж хувирав. Хүний хүүг чонын хүү болгодог үлгэр монголд ингэж үнэн болов. Архидуулахыг хор, хорон юм гэж одоо хэлбэл, тэр олон Шаалуу бүр сүрэглэн дайрахаар болж. Архидалт амьдрал нь болж, аюул нь болж, энд. Нэгэнт цагт эзэнт гүрэн байгуулж явсан эр зоригт эрсийн үр сад гэх тэд маань энэ цагт архидалтын золиос болж гудамжинд гуйлга гуйгаад уйлж, дуулж суух. Архинд хөтлүүлж халтартан амьдралаа архи болгож байх. Халтар царайтыг үзэж халтар байх зууртаа архинаас бусад хамгаа алдсан халтаруудыг одоо архи л дуусгаж байна. Гэвч, харин архины үйлдвэр хөгжсөөр л... Алах нь дээ, нэг мөр бүр дуусгах нь дээ, тэднийг, тэд.

Ажилгүйдэлт бас яагаав, өнөөх ажилгүйдүүлэх бодлогын гор шүү дээ. Бүхэл бүтэн нэг дүүргийг дүүргэсэн 3000 гаруй жижиг, дунд, том ч гэх үйлдвэрийг "хувьчилах" гэдэг айхтар хуулин бодлогоор сүйтгэв. Үүнийг үгүй гэсэн хүн бол хууль зөрчсөн, бодлогод нийцээгүй нэгэн болно.... Сүйтгээд л байв, сүйтгээд л байв. Сүйтгээд л байв. Энэ сүйтгэлийн дүнд гутлын үйлдвэрт насаараа ажиллаж ирсэн гуталчин нулимстайгаа хамт гудамжинд гарав. Энэ сүйтгэлийн дүнд оёдлын үйлдвэрт насаар ажилласан оёдолчин уйлантайгаа хамт орцонд очив. Энэ сүйтгэлийн дүнд модны үйлдвэрт насаар ажилласан мужаан харуусалтай хамт архинд гарав. Энэ сүйтгэлийн дүнд олон олон үйлдвэрийн ажилчин гахайчин болов, гахай чирэв. Өрөнд унав, архичин болов. Энэ сүйтгэлийн дүнд улс орондоо эд зүтгэж байх олон залуус харь улсад ажиллахаар сүрэглэн харлав. Харлан бүр харлав...Эхнэргүй эр, эргүй эхнэр, эцэггүй хүүхэд, эхгүй охид энэ улсад элбэгжив... Ажилгүйдэл энэ улсын залуусыг ингэж харь улсад ажил хайх, алийгаа алдахад хүргэж байна. Халтар царайтыг харж халтартаж байх зууртаа хамгаа алдсан халтарууд одоо хийх ажилгүй монголоосоо хийх ажилтай харь улсад дүрвэж байх. Ажилгүйдэлт энэ улсыг ингэж хөдөлмөрийн насны хүнгүй, харин одохоо хүлээсэн хөгшид, элгээ эмтэртэл эцэг эхээ санасан учраа олоогүй нялхас, ноороглоод хаясан цаас шиг хэдхээн улс төрчидтэй хачин гажиг нийгэм болгон хувиргав. Гэвч архины үйлдвэр л хөгжсөөр...Ажилгүйдэл ихсээр л... Алах нь дээ, бүр төгсгөх нь дээ, тэднийг, тэд.

Авилгажилт мөн яагаав, өнөөх хөлс урсгасан хөдөлмөрөөр амьдрах нь ёс зүйн хэм хэмжээ байсан нөгөө айхтар гэх нийгмийг дуусгасан, төгсгөсөн үйлийн тань үр шүү дээ. Ажил хийхгүй амьдар. Баяж. Ингэж хийрхсэн он жилүүдэд төрийн бодлого авилгын бодлого болов. Татварын бодлого татваргүй бодлого болов. Боловсролын бодлогыг мөнгө хүүлэх лобби болж хувирав. Газар дээрх баялаг элдэв өнгийн тасалбар болж хувирав. Газар доорх баялаг лиценз нэртэй цаас болж худалдагдав. Газар нь тогтоолоор гайхлуудад гайхамшигтайгаар шилжив. Банк дампуурлаар бусад шилжив. Мөнгөн хуримтлал нь тогтоолоор гайхлуудад гайхалтай мөн шилжив. Дүнд нь хүн амынх нь нэг хувь хүрэхгүй хэсэг нь нийт өмчийнх нь 99 -ээс их хувийн эзэн гэнэт болов. Харин ядуу гэх 99-ээс их хувь нь өмчийнх нь нэгээс их бага хувь дээр амь зуух гэж үзэлцдэг болов. Нийгмийг тэнцвэржүүлэх хүч, хэрэгсэл боловсролын бодлого нь мөнгө хийх хэрэгсэл болж болохгүй бодлого болж хувирав. Багш ядуурч, боловсрол дампуурч, боловсролын салбар хувийн сургууль гэх өтөнд баригдав. Нийгмээрээ мунхаглалд нэрвэгдэж манарав. Монгол хүний нэг цагийн ажлын хөлсийг хагас долларт хүргэхгүй байлгасаар ирсэн нь эргээд энэ улсад ажлаар биш харин авилгалаар амьдрах нь соёл болж хувирав. Төрийн алба мөнгө нэртэй авилга болов... Бүр сургуулийн багш ажилд орохдоо хүртэл тэр авилгалын золиос болж байх....Авилга ингэж хөлсөөр амьдрагчийн жинхэнэ дайсан болсоор, тэлсээр, хүчирхсээр.. Алах нь дээ, бүр дуусгах нь дээ, тэднийг, тэд.

Та нар мөн их эрх чөлөөгүй байна. Та нарт эрх чөлөөг тань өгнө. Эрх чөлөөгөө эдлэ. Архиа уу. Авилгаа ав. Ажил бүү хий. ...Хийрхлийн ийм нэгэн мананд манарсаар, халтарсаар хөөрхий энэ цагийн монголчууд жинхэнэ дайснаа жинхэнэ нөхөр мэт болгож авсан байх.

Архи нь нөхөр тань бус харин жинхэнэ дайсан чинь юм, уг нь. Тэр таныг эцэстээ гэр бүлтэй тань, улс оронтой тань нь хамт ууна.

Ажилгүй байх нь нөхөр тань бус чинхүү дайсан чинь юм, уг нь. Тэр таныг эцэстээ гэр бүлдээ ч, нийгэмдээ ч, улс орондоо ч хэн ч биш болгоно.

Авилга нь нөхөр тань бус харин үнэн дайсан тань юм, уг нь. Тэр таныг эцэстээ гэр бүлтэй тань, ах дүүстэй тань энэ насанд тань нийгмийн ёроолд гэнэт авчирна, харин ирэх насанд тань гэнэт л амаргүйд унагана.

Өнөө цагийн жинхэнэ дайсан тань тээр тээр зүйлүүд биш, харин дэргэд тань, бүр найз чинь болж буй гурван "А" тань юм. Архидалт, авилгажилт, ажилгүйдэлт юм. Үүнээс л их болгоомжил.Өдөр бүр ай, холд.

Ц.Лувсандорж

2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/05/blog-post.html

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...