Friday, October 6, 2017

МОНГОЛЫН БАГШ НАРЫН АНХДУГААР ОНЦ ИХ ХУРЛЫН ТОГТООЛ



        МОНГОЛЫН БАГШ НАРЫН АНХДУГААР ОНЦ ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

                            2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр          МҮЭ-ийн соёлын төв ордон, Улаанбаатар хот

Дугаар 1

     Үйл ажиллагааны чиглэл, үндэс тогтоох тухай

Монголын багш нарын анхдугаар онц их хурлын хэлэлцүүлгийн тэмдэглэл, санал хураалтын дүнг үндэслэн Монголын Багш Нарын Анхдугаар Онц Их Хурлаас ТОГТООХ нь:
1.     Багшийн тулгамдсан асуудал, үйл ажиллагааны чиглэл, шийдлийн суурь үндсийг дараах байдлаар үзсүгэй. Үүнд:

-“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн үндсэн цалингийн доод хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нэг сая зургаан зуун мянган (1600000)  төгрөг” гэж үзнэ.

- Багшийн үндсэн цалингийн доод хэмжээг өөрчлөх шаардлага, нөхцөл үүсэх бүрт түүний хэмжээг зөвхөн Монголын багш нарын ээлжит онц их хурлаар хэлэлцэж, шинэчлэн тогтож байна.

-Багшийн цалингийн тогтвортой, бодитой өсөлтийг хангах, төсөвлөлт, төлөвлөлтийн хэмжигдэхүйц байдлыг сайжруулах зорилгоор багшийн цалингийн бүтцийг зөвхөн үндсэн цалин, ажилласан жилийн нэмэгдэл гэсэн бүрдэлтэй болгох зарчмыг баримтална.

-Төгрөгийн худалдан авах чадварын уналтын 1 хувь бүрт харгалзуулан багшийн үндсэн цалингийн доод хэмжээг 1,5 хувиар нэмэгдүүлж байна. Үүний хууль, эрх зүйн орчинг шинээр бүрдүүлнэ.

-Боловсрол тэргүүлэх салбар, багш энэ салбарын мэргэжлийн үндсэн ажилтан болохыг тооцож зөвхөн багшид л хамаарах “Тэргүүлэх салбарын мэргэжлийн ажилтан (TСМА)” гэсэн ангиллыг төрийн албанд  шинээр бий болгуулна.  

-Боловсрол тэргүүлэх салбар, багш энэ салбарын мэргэжлийн үндсэн ажилтан болохыг тооцуулж багшийн цалингийн шатлал, түвшинг төрийн нийт алба хаагчдынхаас тусгаарлан салгаж, “Багшийн цалингийн шатлал, түвшин” гэсэн  цалингийн тусгай ангилал, сүлжээг шинээр бий болгуулна.

-“Багшийн тэтгэвэрт гарах насыг 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн эмэгтэй хүний хувьд 50, эрэгтэй хүний хувьд 55”  гэж үзнэ.  Үүний хууль, эрх зүйн орчинг шинээр бүрдүүлнэ.



- Багшийн тэтгэвэрт гарах насны хэмжээг өөрчлөх  шаардлага, нөхцөл үүсэх бүрт түүний хэмжээг зөвхөн Монголын багш нарын ээлжит онц их хурлаар хэлэлцэж, шинэчлэн тогтож байна.

- Хөдөө, хотын ялгаварлал гаргалгүйгээр багш бүрт тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгуулна.

-Ахмад багш нарын тэтгэврийн зөрүүг арилгаж, тэдэнд нөхөн төлбөр олгуулна.

-Багшийг байрны зээлэнд урьдчилгаа төлбөргүйгээр хамруулж байх эрх зүйн орчинг шинээр бүрдүүлнэ.

-Багшийн цалинг дэлхийн нийтийн жишигт хүргэхэд чиглэсэн “Багшийн цалин” үндэсний хөтөлбөрийг боловсруулж урт хугацаанд хэрэгжүүлэхийг шаардана.

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, захирлыг хамт олны саналаар томилуулдаг болгоно. Үүний хууль эрх зүйн орчинг шинээр бүрдүүлнэ. 

2.  Монголын багш нарын анхдугаар онц их хурлын шийдвэр, тогтоолын утга учир, үзэл  санааг багш нарт сайтар сурталчлан таниулахыг  хурлын төлөөлөгчдөд даалгасугай. 

3. Монголын багш нарын анхдугаар онц их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлж, нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажиллахыг Багшийн цалин нэмүүлэх түр хороо, “Багш багшдаа тусалъя” Монголын багш нарын нэгдэлд тус тус үүрэг болгосугай. 

4. Монголын багш нарын анхдугаар онц хурлын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагаанд эв нэгдэлтэй, идэвх санаачлагатай, эрч хүчтэй, цахим хурдтай, цул, нэг, бүхэл болж оролцож байхыг нийт багш нарт уриалсугай. 


                  МОНГОЛЫН БАГШ НАРЫН АНХДУГААР ОНЦ                                                 ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД




No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...