Tuesday, December 12, 2017

ТСМА-г бий болгохын төлөө өдөр бүр ҮЭ-г шах, шаард, шаналга

ТСМА-г бий болгохын төлөө өдөр бүр ҮЭ-г шах, шаард, шаналга
Багш нарын тэмцлийн нэг үр дүн бол 300000 төгрөг мөн. Яахав, эрх баригчдад сурсан зангаараа багшийн цалинг 1,6 сая болгочих боломжийг больж сонгуулиа бодож нийтэд нь хүртээсэн л хэрэг юм. Багш нар тэмцээгүй бол тэд ингэж нэмэх нь юу л бол доо. Үгүй л байх даа?
Дор оруулсан бичиг бол шийдвэр мөн байх. Гэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга уг нь гарын үсгээ зурчихсан бол; " гэжээ" гэсэн төгсгөл үгүйсэн бол уг нь албан бичгийн наад захын соёлтой харагдах байв, энэ. Одоо яая гэхэв. Төрийн алба ийм л болсон цаг, ингэж л дорд гарсан үе.
Одоо бусад тохиролцоо, нэмэгдлийг нотолсон засгийн газрын тогтоол гарчихвал их сайн юмсан. Илүү баталгаатай юмсан.
Сайд өөрийн эрх мэдлийн хүрээний шийдвэр гаргаж захирлуудад дараах нэмэгдлийг олгох даалгавар, чиглэл өгсөн харагдсан. Үүнд:
1.2017 онд багш бүрт 36 хувийн нэмэгдлийг нөхцөлгүй олгоно.
2. 2018 онд "урамшуулал" гэсэн нэрээр багш бүрт дор хаяж 20 хувийн нэмэгдэл нөхцөлгүй олгоно. Дээр нь бусад урамшуулал, нэмэгдлээ авна. Ингэхэд багшийн цалинг 50 хувиар бодитойгоор нэмчих боломж захирлуудад бий болж байгаа л юм, уг нь. Тэгэхдээ багш нар захирлаа хянаж, шаардаж чадах нь юу л бол доо. Ийм л хэцүү үе шүү дээ. Одоо захирлууд гэдэг намын ажилтан болчихсон байдаг. Тэд ном, сургууль гэхээсээ илүү нам, сонгууль гэдэг л болсон байна лаа. Тийм л биз дээ.
Түр хорооны хэлэлцээрээр хүрсэн, тохирсон тохиролцоо ёсоор бол одоо 2018 онд "2019 оноос багшийн цалинг " багшийн цалин=үндсэн цалин+ ажилласан жилийн нэмэгдэл" (бүх нэмэгдэл үндсэн цалинд оруулсан байх ) гэсэн томьёоллоор тооцож, "Тэргүүлэх Салбарын Мэргэжлийн Ажилтан (ТСМА)" гэсэн багшийн цалингийн тусгай сүлжээг төрийн албанаас ангид бий болгож олгоно" (Онц их хурлын 13 зорилтын нэг) гэсний эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх их ажил байгаа юм. Энэ бол тэмцлийн урт хугацаанд үр өгөөж, үр дүнгээ өгөх гол үр дүн юм.
Үүнд харуул л хэрэгтэй дээ. Үүний төлөө багш нар нөгөө алдарт гурван талт хэлэлцээрээр 27 жил ядууруулсан өнөөх залхуу ҮЭ-гээ өдөр бүр шахаж шаардаж байх хэрэгтэй юм. Ажиллуулах хэрэгтэй. Татвараа өгч ирснээ өдөр бүр түүнд сануулахаа бас бүү март.
Харин "тэмц" гэсэн шаардлагыг Ц.Лувсандоржоос юм уу, Мөнхтуяагаас юм уу, эсвэл энд тэнд олз хайж байгуулагдсан гэх элдэв нэртэй хороодоос ч юм уу,ер нь хэн нэгнээс бүү нэх, бүү итгэ, бүү дага, Учраа олоогүй уулзалт, учралаас бол бүр хол бай. Харин өөрсдөө сургуулийнхаа ҮЭ-г өдөр бүр шахаж шаард. Шарыг, залхууг МБҮЭ болго. Их хурлаа хийж БСШУҮЭ гэсэн энэ эзэн биегүй "нөхрийг" багшийнх болгож эзэн биетэй болго. МБҮЭ-г ЕБС-ийн багш ерөнхийлөгчтэй болго.
Тэгээд ТСМА-г бий болгохын төлөө эвлэлдэн цул болж тэмц. Энэ тэмцлийг хэн нэгнээс бүү нэх. Өөрсдөө өөрийнхөө төлөө өдөр бүр дор дороо бодож хийж тэмц, тэмцэж хий. МБҮЭ-г бүтээж тэмц.
ТСМА-г бий болгохын төлөө өдөр бүр л ҮЭ-г дахин дахин шах, шаард, шаналга.
Эсрэг нь юу болгоно гээч.
Багш элдэв нам, элдэв намчин,элдэв ҮЭ-чин, ер нь хэн нэгний "нохойд барьдаг ганц мод" шиг л буруугаар ашиглагдаад байнга хаягддаг шалны алчуур шиг байсаар, эцэстээ, цалингийн тамын тогоо, инфляцийн чөтгөрийн тойрогтоо мөнхөд элэгдэж эргэлдсээр; эргэлдэж элэгдсээр байх болно.
Үүний л багш бүр өглөө бүр санан босож, өдөр бүр өөрсдийнхөө төлөө эргэцүүлж язгуур эрх ашгийн төлөө үглэх төдий бус харин үйлдэн тэмц. Тэмцэж сур, сурч тэмц.
ТСМА-ийн төлөө залхуу ҮЭ -гээ өдөр бүр шах, шаард, шаналга. Гэхдээ татвараа төлдөг гэдгээ бастэдэнд байнга сануулж бай.
Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...