Friday, December 15, 2017

Шалдар цагийн булдар захирлын монголоо гоёх нэгэн боломж

Шалдар цагийн булдар захирлын монголоо гоёх нэгэн боломж

"Финландын боловсролын талаар захирлуудад хоёр үг хэлээч" гэсэн урилгыг Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнээс авав.

Очтол захирлууд гэхэд, ер нь сэхээтэн гэхэд төвөгтэй, сайнаар хэлбэл, дарга нар, саараар илэрхийлбэл, феодлын үеийн ноёд, хатагтай нар зааланд байх. Ихэнх нь унтаж байсан санагдана. Зарим хоцорч ирж томорч байх.

Хичээл, сургалт "үйл +сэтгэл хөдлөл" гэсэн үнэнг үндэслэн яриагаа эхлэх гэж оролдов.
"Финландын боловсрол, хөгжилд үнэндээ нууц гээд байх нууц алга. Харин тэд их уншдаг юм байна лаа. Энэ л тэдний амжилтын гол онцлог байна даа" гэв. Ингэж хэлснийхээ дараа нэг асуулт тавив.

Бид чинь ер нь хэр уншдаг билээ?

"Өнгөрсөн 2 долоо хоногийн дотор ямар нэгэн ном эргүүлсэн хүн байвал гараа өргөөч" гэв. Нэг ч хүн алга.

Тэгэхээр нь "тэгвэл ганц цогцолбор харсан байна уу" гэв. Бас л таг.

Шалдар цагийн булдар захирлын ийм байдал намайг уулаасаа цочихгүй юм. Яагаад? Өнгөрсөн 27 жилд номын сан нурж,нам л олширсон биз дээ. Гэвч, хамгийн гол нь, ийм асуултын дараа гэмшсэн гэмшил тэдний дунд огт мэдрэгдэхгүй байгаа нь л хамгийн дургүй хүргэмээр нь, бас аймаар нь байсан юм.

Тэгээд Финландын тухай өнөөх яриагаа ингэж төгсгөж билээ.

"Финланд нэг хүн дундажаар жилд 9-10 номыг номын сангаас гэртээ уншихаар зээлж авдаг юм байна лаа. Номын сан нь хүн ном уншихад л зориулагдсан газар байх. Тэгэхэд сургууль бүр ч уншихад зориулагдсан газар байх нь мэдээж. Тийм ээ. Та нар ядаж багш нарынхаа арга зүйн зөвлөлийг ажиллуулж, түүнийг 30 минутын уншлагын цаг болгочихооч. Ингэвэл энэ нь энэ цагийн захирлууд монголоо үнэн гоёсон том үйлс болно доо" захиж билээ.

"Ном, сургууль гэхээсээ илүү нам, сонгууль" гэж шогжиж явдаг болсон шалдар цагийн булдар захирлууд, мэдээж, салан баавгай үлгэр лугаа тэр захиасыг хаалгаа хайгаад л аль хэдийн мартсан яваа биз ээ.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...