Математикийн багш мэргэжлээр төгсөгчдийн ёслолын үйл ажиллагаанд хэлсэн үг
Та бүхэн гоё, сайхан харагдаж байна. Хөгжилтэй, баясалтай, хөгтэй, өнгөтэй залуус Та бүхний энэ баярт мөчийг хуваалцаж байгаадаа би баяртай байна. Багш нар бид баясалтай байна.
Их сургуульд сурна их хичээлт юм. Тийм ээ. Энэ их хичээлтийн дор урвайж явсан үе ч бий. Урвайж явсан дүр ч бий. Тийм ээ. Одоо харин энд урвайсан нэг ч царай харагдахгүй байна. Ганцхүү баяр баясгалан, хөөр баяр, баяр талархал байна. Сайхан байна.
Залуус Та бүхэн өнөөдөр математикийн багш гэсэн нэгэн эрхэм, сайхан, гайхам мэргэжлийн эзэд болж байна. Бид та бүхний амьдралын нэгэн сайхан энэ мөчийн гэрч болж байна. Ийм баяр хөөрийг тань хуваалцахад аятай, сайхан байна.
Бас та бүхнээр багш нар бид бахархаж байна. Та бүхнийг өдий зэрэгт хүргэсэн ээж аав тань мөн Та бүхний энэ амжилтаар бахархаж байгаа даа. Хүүгийнхээ, охиныхоо 15-16 жилийн их зүтгэлийн; гүн сэтгэлийн шимийг олж харж буй ижий, аавын тань сэтгэлд нь эгшиг; нүдэнд нь нулимс байгаа даа.Иймд энэ мөчид Та бүхэн чин сэтгэлээсээ, чин сэтгэлдээ ачит аавдаа, энэрэлт ээждээ нэг талархаарай. Дэргэдээ байвал баярлалаа гэж хэлээрэй. Алсад байгаа бол чин сэтгэлээрээ нэг талархаж санаарай. Бодол тань хүргэх болно.
Математик гайхам ухаан. Математикийн багш сайхан мэргэжил. Математикийн багш ийм учраас аль ч улсад үнэ цэнэтэйд тооцогдоно, үнэлэгдэнэ. Тэр монголын хамгийн зах зээлтэй мэргэжил. Тэр дэлхийн хаана ч үнэтэй хаан мэргэжил.
Математикийн утга далай лугаа гүн. Багшийн ажил далайн лугаа баялаг.
МУБИС та бүхэнд математикийн энэ далайд, багшийн тэр далайд сэлж сургасан юм. Та нар одоо тэр далайд нэгэнт сэлж сурчихсан учир математикийн далайгаас сувдыг нь одоо түүж чадна. Та нар нэгэнт сэлж сурсан учраас багшийн ажлын баялаг далайгаас эрдэнэсийг нь одоо шүүрч чадна.
Ингэж сувд шүүрч, эрдэнэс түүж явахад харин Та бүхэнд нэг энгийн зүйл их хэрэгтэй.Энгийн нэгэн хандлага тун хэрэгтэй. Түүнийг Та бүхэн юу гэж бодож байна даа?
Тасралтгүй байх. Тасралтгүй суралц.
Үүнийг хийхэд одоо Та нарт хэцүү биш. Учир нь математикийн далайд сэлээд сурчихсан учир одоо бүх далайд өөрөө сэлж чаднаа, та бүхэн.
Англи хэлийг Та нар одоо өөрөө сурч чадна. Ингэхэд танд зөвхөн тасралтгүй чанар хэрэгтэй. Та нар Англи болон математик хэлээр жигүүрлэн Япон, Австрали, Канад, Финланд, Америк зэрэг олон оны засгийн газрын тэтгэлгээр тэр улсад сурч мөнгө хийж, мөнгө хийж сурч чадна. Энэ бүхнийг хийж чадах математик жигүүр Та нарт ургасан. Энэ бүхнийг хийж бүтээх багшийн жигүүр танд урлагдсан. Ийм л ур ухаан, эрдмийн дээд танд одоо бий болжээ.
Амьдралын их сургуульд та нар одоо хөл тавин орж байна. Түүнд бас сурч, төвөггүй сэлж чадна аа. Та нар өөрөө өөртэй багшлах замаар тасралтгүй суралцаж чадна. Учир нь та математикийн далайд сэлж сурсан. Багшийн далайд хөвж сурсан.
Та нар аливаад төв байж чадна. Та аливаад туйлчлалгүй, туйлшралгүй байж чадна. Шударга байдал, даруу зан, өөртөө итгэлтэй зан чанар таны хэсэг болсныг бид мэднэ. Тэгэхээр та амьдралын далайд дураараа сэлж сувдаа ч, эрдэнээ өгч, бас авч чадна.
Математик гайхам. Математикийн багш сайхан. Цэл залуухан насандаа энэ гайхам, сайхан математикийн багш мэргэжлийн эзэд болж чадсан Та бүхэн нэн одтой, тун азтай.
Математикийн гайхам, багшийн сайхан Та бүхний амьдралыг цаг ямагт чимж байх болно. Та нар бас түүнийг өнгөлж явах болно.
Проф Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
No comments:
Post a Comment