Saturday, January 6, 2018

"Хужаа байна" гэж айхтар орилолдохоос илүүтэйгээр генетикээрээ л монголжуу бай л даа


 "Хужаа байна" гэж айхтар орилолдохоосоо илүүтэйгээр генетикээрээ л монголжуу бай л даа

 Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнийг удирдан чиглүүлсэн бүх хүмүүсийг нь "хужаа" гэж фейсбүүкт мөнгө төлж сурталчлав.   Фейсбүүк бидэнд тус дэм болж байхад монголчууд бас тэдэнд мөнгө төлж сурталчилгаа хийх нь  тийм ч муу зүйл биш юм, уг нь. Өгч авахын жам ёс гэж бий.  Гэхдээ утгагүй сурталчилгааны төлөө нэг нь мөнгө авах, нөгөө нь мөнгө төлөх уг нь эзэнд нь ч, энгийнд ч сайн зүйл биш юм. 

Хужаа буюу Хятад, Хятад бусыг  уг нь тогтооход тийм хэцүү  биш юм. Энгийн нэг арга нь архивт очиход  нилээд баримт гараад ирнэ. Жишээ нь,  Завхан аймгийн Баянтэс, хуучнаар Хөвсгөлийн Цэцэрлэг сумын иргэн Цогдовын  бага хүү Лувсандорж. Бага насны буюу сургууль ортолх нэр нь Оюундорж (Багадаа ихэд өвдсний улмаас нутгийн ламын зөвлөснөөр (Лувсандорж хурц оюунтай гэсэн түвд нэр) нэр хүндэтсэн гэсэн шалтгаанаар Лувсанг нь монголчлон Оюун болгон Оюундорж гэж дуудах нэрээ өөрчилсөн. Баянтэсийнхэн Лувсандорж гэхээсээ илүү Чогдов гуайн Оюун гэдгээр сайн санаж мэдэх байх, иймд) Яс үндэс хотгойд.  Өндөр өвөг нь хөх хочит  Дамдин. (Тэрээр их том биетэй хөх хүн байсан гэдэг) Тэрээр 5 хүү, 2 охинтой. Мал маллаж,ан гөрөө хийж амьдардаг байв. Таван хүүгийнх нь 3 лам, 2 хар хүн. Түүний лав л таван үе нь одоогийн Тувагийн хил орчмын нутаг, Тэсийн голын дагуу амь зууж амьдарч байсан...Удамдаа малчинтай, бас ламтай, анчинтай, адуу, малтай...Лувсандоржийн буурал аав Соном нь ганц хүүтэй. Тэр нь Цогдов (Чогдов). Тэрээр тэр цагийн боломжтой айлын ганц хүүгийн ёсоор 4 настайгаасаа 37 нас хүртлээ  Баянбулагийн хийдэд сууж, ном үзсэн. Цогдов нь хуучин монгол, санкрит хэлээр бичиг үсгийн өндөр боловсролтой, тэр цагийн лам сэхээтэн, сэхээтэн лам байсан (Намайг их бага байхад хуучин монгол, санскрит хэл заадаг байсан. Бас шүлэг, үлгэр их цээжлүүлдэг байв). Хөвсгөл аймгийн Хатгал сумын орчим түр цэрэгт татагдаж цэргийн алба хаасан. Залуу лам хар болох хөдөлгөөнөөр  хар болсон. Олон хүүхэдтэй.  Малчин амьдралаар үлдсэн насаа их энгийн даруухан туулж, 81 насандаа мөнх бусыг үзүүлсэн. Нутгийнхан Чогдов гуай, Чогдов гэлэн гэж дууддаг. Ийм нэгэн энгийн түүх нөгөө "хужаа" гэж сурталчлуулаад байгаа энэ цагийн Ц.Лувсандоржийн аавд нь бий.  Тэгээд цаашилбал, ээж нь Мижидийн Хүрэл.  Олон охидтой айлын дундах нь.  5 хүү, 7 охин төрүүлсэн.  Хүүхэд бүрээ ажилч, хөдөлмөрч, шударга болгож хүмүүжүүлж өсгөсөн. (Эдгээр хүүхдүүд дотроос  бага хүү Оюундаа илүү ихээр хайртай байсан, ах эгч нарын дурсамжаас). Энгийн даруйхан амьдралаар амьдарч, 92 насандаа энэ насыг илээсэн.  Гэх мэтээр архиваас  нөгөө "хужаа" гээд сурталчлаад байгаа  түүний талаар их зүйлийг тодруулж  болно. Тийм ээ.

Тэгээд ч намтраас илүү генетик нь их зүйл хэлэх биз ээ. Солонгос улсад БСШУЯ-ны шугамаар 5 монгол албан ажлаар зочлов. Түүнийг миний бие газрын даргын хувьд ахлаж явав. Уулзалт бүхэнд Солонгосууд биднийг халуун дотноор хүлээн авч, уулзалтын эхэнд дулаан уур амьсгал бий болгох үүднээс хоорондоо их энгийн яриа өрнүүлдэг байв. Энэ ч уулзалтын бас нэгэн соёл юм шүү дээ (Хөндий хүйтэн биш дулаан уур амьсгал бий болгох гэсэн санаа) Уулзалтаас уулзалтад ийм нэгэн үгийг их сонсож байж билээ:  "Монгол, солонгос хүмүүс хоорондоо их адилхан. Зарим нь бүр  "Солонгосууд бид монголоос гаралтай..." гээд шууд хэлдэг  байв            (Үүнийг нотолсон зураг үндэсний төв музейд нь  бас байдаг байх шүү ). Тэгснээ над руу голдуу зааж байгаад "Энэ хүн одоо манай ахтай их адил байна гэх нь олонтоо (Монгол, солонгос хоорондоо адилхан харагддаг гэсэн санааг давтаж байгаа юм)". Мөн уулзалтын дараа бид буудалдаа очоод дэмий ярьж суух зуурт бидний хооронд ийм нэгэн ярьж өрнөж билээ: "Нээрээ, биднээс чи илүү  монгол төрхтэй юм гээд тэр хүн (нэрийг нь хэлсэнгүй)  "Би харин илүү дундад азийнхантай төсөөтэй юм. Намайг тэнд явахад бидний утгаар монгол гэж хэлэхгүй харин турк, узбек гэж харах биз" гэхэд нөгөө нь "Монгол хүн" гэдгийг бүрэн гүйцэт харуулсан зураг зуръя гэвэл мөн амаргүй байхдаа, бидэнд тань олон янзын гадаад төрх байна" гэж байж билээ.

Онигордуу нүдтэй, өндөр шанаатай, бидэнтэй арьсны өнгөөрөө их ижил нөгөө гурав (Солонгос,Хятад, Япон)-аасаа харьцангуй биеэрхүү, цээж тэнэгэр, биеийн харьцаа зөв, шүд том цагаан, биеэрхүү байх зэрэг нь монгол гэхийн  генетикийн дотоод бус харин гадаад шинж мөн. Энэ гайхамшиг гэхээс идэж буй хоол, оршиж буй газар нутгийн уур амьсгал орчин нөхцлөөс их хамаардаг (Хойд туйлд ойр байх тусам амьдын бие харьцангуй том байх... гэх мэт таавар бий шүү)  Энэ шинжээрээ шинжээд үзэхэд олон хүн "намайг лүү монгол төрхтэй, шинжтэй" гэх вий дээ. Үгүй байна уу?  Тэгвэл шинжээд үз. Нэн ялангуяа, хужаа гээд сурталчлаад байгаа нөхөд маань бүр сайн судлаад, шинжээд үзээрэй.

Тэгэхээр "хужаа юм байна" гэж айхтар орилолдох нэг хэрэг. Харин генетикийн дотоод хийгээд гадаад шинжээрээ монголжуу байж  монгол хүн  гэж шууд танигдахаар байх нь уг нь их чухал хэрэг юм. Тийм үү?

Ц.Лувсандорж 

2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр


http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/01/blog-post_52.html

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...