Wednesday, May 2, 2018

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан


Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт.
Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурав өнөөгийн монгол хүн, манай нийгэм, монгол улсын жинхэнэ дайсан мөн.

Архидалт бол яагаав, нөгөө архидуулах бодлого үр шүү дээ. Архидуулах бодлого ингэж эхэлсэн юм даг. "Та нар эрх чөлөөгүй мөн хэцүү байна. Та нарт эрх чөлөөг өглөө. Одоо эрх чөлөөгөө эдлэ..." Тэгээд архийг хоол мэт хоол, ундааны дэлгүүрт зэрэгцүүлж зарж эхлэв. Өнөөх 30 жилд ганцхан хөгжсөн нь архины үйлдвэр болов. Аймаг сум, дэлгүүр бүхэнд хүрч хөгжив, тэр. Яагаав, нөгөө 40 чингэлэг архи тань энэ монголд л шингэв. Түүнийг энэ халтартсан Монголчууд л ууж дуусгав. Яагаав, нөгөө архины үйлдвэрийн хэдэн тонн литр архийг өнөөх халтарууд гэх монголчууд л ууж дуусгахаар үзэж байна. Бар улс болгоно гээд харин баар улс болгов. Гудамж бүрт, байшинд бүрт баар хэд хэдээрээ гунигийн дуутай хамт 24 цаг ажиллах байх. Тэнд монголчууд архидаж, уйлж байх. Архидахгүй байх нь өнөөгийн монголд ёстой соёлгүй мэт болно. Эр эмгүй архидаж, гудамжинд гарсан байх нь элбэгжиж байна. Архиар олон хүнийг, олон иргэншлийг устгасан шиг өнөөгийн монголчууд архинд уусаж байна. Архи тэдний ууж байна. Архи тэдний устгаж байна. Архидуулах хорон бодлогын дүнд өнөөгийн монголчууд нийтээр үлгэрийн баатар чонын хүү Шаалуу болж хувирав. Хүний хүүг чонын хүү болгодог үлгэр монголд ингэж үнэн болов. Архидуулахыг хор, хорон юм гэж одоо хэлбэл, тэр олон Шаалуу бүр сүрэглэн дайрахаар болж. Архидалт амьдрал нь болж, аюул нь болж, энд. Нэгэнт цагт эзэнт гүрэн байгуулж явсан эр зоригт эрсийн үр сад гэх тэд маань энэ цагт архидалтын золиос болж гудамжинд гуйлга гуйгаад уйлж, дуулж суух. Архинд хөтлүүлж халтартан амьдралаа архи болгож байх. Халтар царайтыг үзэж халтар байх зууртаа архинаас бусад хамгаа алдсан халтаруудыг одоо архи л дуусгаж байна. Гэвч, харин архины үйлдвэр хөгжсөөр л... Алах нь дээ, нэг мөр бүр дуусгах нь дээ, тэднийг, тэд.

Ажилгүйдэлт бас яагаав, өнөөх ажилгүйдүүлэх бодлогын гор шүү дээ. Бүхэл бүтэн нэг дүүргийг дүүргэсэн 3000 гаруй жижиг, дунд, том ч гэх үйлдвэрийг "хувьчилах" гэдэг айхтар хуулин бодлогоор сүйтгэв. Үүнийг үгүй гэсэн хүн бол хууль зөрчсөн, бодлогод нийцээгүй нэгэн болно.... Сүйтгээд л байв, сүйтгээд л байв. Сүйтгээд л байв. Энэ сүйтгэлийн дүнд гутлын үйлдвэрт насаараа ажиллаж ирсэн гуталчин нулимстайгаа хамт гудамжинд гарав. Энэ сүйтгэлийн дүнд оёдлын үйлдвэрт насаар ажилласан оёдолчин уйлантайгаа хамт орцонд очив. Энэ сүйтгэлийн дүнд модны үйлдвэрт насаар ажилласан мужаан харуусалтай хамт архинд гарав. Энэ сүйтгэлийн дүнд олон олон үйлдвэрийн ажилчин гахайчин болов, гахай чирэв. Өрөнд унав, архичин болов. Энэ сүйтгэлийн дүнд улс орондоо эд зүтгэж байх олон залуус харь улсад ажиллахаар сүрэглэн харлав. Харлан бүр харлав...Эхнэргүй эр, эргүй эхнэр, эцэггүй хүүхэд, эхгүй охид энэ улсад элбэгжив... Ажилгүйдэл энэ улсын залуусыг ингэж харь улсад ажил хайх, алийгаа алдахад хүргэж байна. Халтар царайтыг харж халтартаж байх зууртаа хамгаа алдсан халтарууд одоо хийх ажилгүй монголоосоо хийх ажилтай харь улсад дүрвэж байх. Ажилгүйдэлт энэ улсыг ингэж хөдөлмөрийн насны хүнгүй, харин одохоо хүлээсэн хөгшид, элгээ эмтэртэл эцэг эхээ санасан учраа олоогүй нялхас, ноороглоод хаясан цаас шиг хэдхээн улс төрчидтэй хачин гажиг нийгэм болгон хувиргав. Гэвч архины үйлдвэр л хөгжсөөр...Ажилгүйдэл ихсээр л... Алах нь дээ, бүр төгсгөх нь дээ, тэднийг, тэд.

Авилгажилт мөн яагаав, өнөөх хөлс урсгасан хөдөлмөрөөр амьдрах нь ёс зүйн хэм хэмжээ байсан нөгөө айхтар гэх нийгмийг дуусгасан, төгсгөсөн үйлийн тань үр шүү дээ. Ажил хийхгүй амьдар. Баяж. Ингэж хийрхсэн он жилүүдэд төрийн бодлого авилгын бодлого болов. Татварын бодлого татваргүй бодлого болов. Боловсролын бодлогыг мөнгө хүүлэх лобби болж хувирав. Газар дээрх баялаг элдэв өнгийн тасалбар болж хувирав. Газар доорх баялаг лиценз нэртэй цаас болж худалдагдав. Газар нь тогтоолоор гайхлуудад гайхамшигтайгаар шилжив. Банк дампуурлаар бусад шилжив. Мөнгөн хуримтлал нь тогтоолоор гайхлуудад гайхалтай мөн шилжив. Дүнд нь хүн амынх нь нэг хувь хүрэхгүй хэсэг нь нийт өмчийнх нь 99 -ээс их хувийн эзэн гэнэт болов. Харин ядуу гэх 99-ээс их хувь нь өмчийнх нь нэгээс их бага хувь дээр амь зуух гэж үзэлцдэг болов. Нийгмийг тэнцвэржүүлэх хүч, хэрэгсэл боловсролын бодлого нь мөнгө хийх хэрэгсэл болж болохгүй бодлого болж хувирав. Багш ядуурч, боловсрол дампуурч, боловсролын салбар хувийн сургууль гэх өтөнд баригдав. Нийгмээрээ мунхаглалд нэрвэгдэж манарав. Монгол хүний нэг цагийн ажлын хөлсийг хагас долларт хүргэхгүй байлгасаар ирсэн нь эргээд энэ улсад ажлаар биш харин авилгалаар амьдрах нь соёл болж хувирав. Төрийн алба мөнгө нэртэй авилга болов... Бүр сургуулийн багш ажилд орохдоо хүртэл тэр авилгалын золиос болж байх....Авилга ингэж хөлсөөр амьдрагчийн жинхэнэ дайсан болсоор, тэлсээр, хүчирхсээр.. Алах нь дээ, бүр дуусгах нь дээ, тэднийг, тэд.

Та нар мөн их эрх чөлөөгүй байна. Та нарт эрх чөлөөг тань өгнө. Эрх чөлөөгөө эдлэ. Архиа уу. Авилгаа ав. Ажил бүү хий. ...Хийрхлийн ийм нэгэн мананд манарсаар, халтарсаар хөөрхий энэ цагийн монголчууд жинхэнэ дайснаа жинхэнэ нөхөр мэт болгож авсан байх.

Архи нь нөхөр тань бус харин жинхэнэ дайсан чинь юм, уг нь. Тэр таныг эцэстээ гэр бүлтэй тань, улс оронтой тань нь хамт ууна.

Ажилгүй байх нь нөхөр тань бус чинхүү дайсан чинь юм, уг нь. Тэр таныг эцэстээ гэр бүлдээ ч, нийгэмдээ ч, улс орондоо ч хэн ч биш болгоно.

Авилга нь нөхөр тань бус харин үнэн дайсан тань юм, уг нь. Тэр таныг эцэстээ гэр бүлтэй тань, ах дүүстэй тань энэ насанд тань нийгмийн ёроолд гэнэт авчирна, харин ирэх насанд тань гэнэт л амаргүйд унагана.

Өнөө цагийн жинхэнэ дайсан тань тээр тээр зүйлүүд биш, харин дэргэд тань, бүр найз чинь болж буй гурван "А" тань юм. Архидалт, авилгажилт, ажилгүйдэлт юм. Үүнээс л их болгоомжил.Өдөр бүр ай, холд.

Ц.Лувсандорж

2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/05/blog-post.html

Wednesday, April 25, 2018

Хөдөлгөөн, тэмцлийн олон толгойт могойн төлөв


Хөдөлгөөн, тэмцлийн олон толгойт могойн төлөв

Халтар царайтыг харж халтартаж байх зууртаа хамгаа алдаж халтарсан энэ цагийн монголчууд маань хөөрхий мөн олон янзаар хөдөлж, тэмцэх гэж үзэх. Тэр бүрт тэд бүтэлгүйтэнэ. Яагаад?

Хариулт их энгийн. Эрх баригчдаас том ах нараас сурч авсан нэгэн аргаа л дахин, дахин; давтан, давтан амжилттай үүнд хэрэглээд байгаа юм. Тэр арга нь сарниулах юм.

Сарниулах энэ аргаар манай улсад гарах аливаа хөдөлгөөн тэмцлийн эрчийг сааруулж, сарниулахын тулд эрх баригчид сарниулагчийг олох ёстой байдаг. Тэгээд сарниулагчийн ходоодон сонирхлыг олж мэдэн түүнийг нь хангах амлалт өгч уул сарниулагчийг "улаан тэмцэгч" болгон харагдуулж хөдөлгөөн, тэмцэлд сүртэйгээр шургуулна.

Сарниулагч хөдөлгөөн, тэмцэлд эхлээд их дүр эсгэнэ. Эхлийн энэ эсгэлт өрнөлдөө түүний эсрэг эсгэлт болдог. Тэр хөдөлгөөн, тэмцлийн эгзэгтэй, чухал мөч, үйлийн утгыг сарниулахаар зүтгэж байгаагаар эхлээд ажиглагдана. Тэгээд тэр хөдөлгөөн, тэмцлийг удирдлагагүй болгохын тулд удирдагч, манлайлагчийг нь муухай харагдуулж, хэвлэлээр зохион байгуулалтаар дайрна. Сарниулагч нь удирдагч нь биш юм уу гэсэн ойлголтыг нийтэд хийж өгнө.

Сарниулагчийн үнэн сонирхол нь өөр, харин ходоодон учраас, тэр хөдөлгөөн, тэмцлийг дээд, дунд, доод шатанд эрчийг нь бууруулж, хоёрдмол шинжтэй болгож, сарниулна. Сарниулагч тэмцэл, хөдөлгөөний утга учрыг хааяа, хааяа өөрийнхөө ходоодон сонирхолд зэвсэг болгож хэрэглэнэ.

Сарниулагчийн сарниулалтаар эцэстээ хөдөлгөөн, тэмцэл нэг эрх ашигтай гэх олон удирдагчтай, олон салбартай, олон нэртэй болж салбарлан салбайж, салбайж салбарлана. Эцэстээ, тэр олон толгойтой могой лугаа болно.

Том эрх ашгийн төлөө өөрөө өөрөөрөө өндийссөн хөдөлгөөн, тэмцэл бүхэн энэ улсад энэ л аргаар эцэстээ олон толгойт могойн төлөвт очно. Ингэхэд тэр өөрөө өөрөөрөө тарчилна. Төгсөнө.

Хөдөлгөөн, тэмцлийг ийм төлөв хүргэхгүй тулд сарниулагчаас түүнийг ангид байлга. Гэвч энэ бас амаргүй. Яагаад?

Наад сарниулагчид тань "би сарниулагч мөн" гэж эхлээд танигдахааргүйгээр авирлана.

Гэвч үнэндээ тэднээс ангид байх арга бий. Учир нь тэд эхнээсээ л их тод уншигддаг шүү дээ.

Ц.Лувсандорж

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/04/blog-post_25.html

Wednesday, April 11, 2018

Боловсролыг дампуурлаас гаргах, багшийг ядуурлаас салгахын тулд шийдвэрлэх ёстой тулгамдсан үндсэн асуудлууд

Боловсролыг дампуурлаас гаргах, багшийг ядуурлаас салгахын тулд шийдвэрлэх ёстой тулгамдсан үндсэн асуудлууд
Үндсэн хуулийн үзэл санааг боловсролд хэрэгжүүлж эхлэ!!!

Багшийн нэг цагийн ажлын хөлсийг нэмэгдүүл!

Багшийн үндсэн цалинг ядаж халтвар хийж буй жолоочийнхоос их болго!

Боловсролд хүйс, жендерийн тэгш байдлыг ханга!

10 багшийн 9 эмэгтэй байгааг өөрчил!

100 багшийн 89 нь зээлтэй, өртэй, ядуу байгааг өөрчил!

100 багшийн нь 40 нь өрх толгойлсон ганц бие эмэгтэй байгааг өөрчилж, өөд татах арга хэмжээг ав!

Нэг ангид 40-60 хүүхэд байгааг цөөл!

Нэг багшид оногдох хүүхдийн тоог 15 болгож, туслах багшийн тогтолцоог нэвтрүүл!

Багшийг эмээ, өвөө болтол хүүхдийн өмнө байлгадаг байдлыг зогсоо!

Багшийн тэтгэврийн насыг эр 55, эмэгтэй 50 болго!

Алагчлалын аливаа хэлбэрийг боловсролоос зайлуул!

Хүүхдийг олимпиад, хувийн сургууль, гадаад дотоодын элдэв уралдаан, тэмцээн гэх зэрэгт хурдан морь шиг буруугаа ашиглаж буй буруу, бурангуй үйлдлийг зогсоо!

Дурын хувийн сургуульд багш бэлтгэж бүү зогсоо!

3 сая хүн амтай улсад 100 гаруй их дээд сургууль байгаа гаж байдлыг арилга!

Сурах бичгийг нутаг дов, танил талын үзлээс ангид болго!

Хагас сая хүүхдэд сурахыг баясал болгохын эх үндэс болсон сурах бичиг зохиох ажилд хариуцлагагүй хандаж, мөнгө хийгээд нэр хүнд хөөцөлдсөн шалдар булдар цагийн өнгө, аясад орж мэргэжлийн ёс зүйгээ улиндаа гишгэж олон мянган хүүхдийн сурах үйлс тань чөдөр болж сөргөөр нөлөөлсөн зохиогч гэгчдэд академик байгууллагад ажиллуулахгүй байх, дахин сурах бичиг бичүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авч хариуцлага тооц!

Эрдмийн зэрэг хамгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг нутаг довчлол, янаг амрагчлал, танил талчиллаас ангид болго!

Боловсролоор тоглож түүнийг мөнгө угаах хэрэгслэл болгож буй бүх хэлбэрийг боль!

Танил тал, бизнесийн сүлжээ, лоббигоор бий болсон ЕБС-ийн 22 хичээлийг цөөл!

Үргэлж үнэлэх хийрхлийг зогсоож, үргэлж сурах нөхцлийг бүрдүүл!

Бүх түвшний сургалтын үнэлгээ, дүнг үнэн бодитой болго!

Бүх түвшний сургалтыг шинжлэх ухааны үндэстэй болго!

Боловсрол ядууруулах, суралцагчийг хохироох, мөнгө хийх нэгэн арга зам, талбар, салбар болсныг зогсоо!

Боловсролыг олигархийн савраас салга!

Хүүхэд бүрт боловсрол олгох боломж орчин нөхцлийг адил тэгш бий болго!

Боловсролоор тоглодог, хүнээ доройтуулдаг бодлогоо зогсоо!

Их дээд сургуулиар ажилгүйчүүд бэлтгэж буйг боль!

Их дээд сургуулиар эрдэмжүүлэх ажлыг нутаг довны увайгүй үзлээс салга, чанаржуул!
Бохир бизнес ЭЕШ-ыг боль!

Боловсролыг дампуурлаас салга!

Их дээд сургуулиар олгож буй мэргэжлийн онцлогийг элсэгчийн хувийн шинжтэй уялдуулж элсүүл!

Багшийг гурван талт хэлэлцээр гэгчээр туйлд нь хүртэл ядууруулсан, шарласан ҮЭ-г өөрчилж хөдөлмөрийн хүний төлөө үнэн ҮЭ болгож бүтээ!

Боловсролын салбарыг хувиа хичээсэн увайгүй бодлогоор ийм байдал ортол доройтуулж, дорд байдалд оруулж улсдаа арилгахад амар биш хор учруулсан үе үеийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, боловсролын газрын дарга нартай хариуцлага тооц!

Боловсролын салбарт шударга ёсыг сэргээ!

Боловсролын салбарт чадварын нээлттэй өрсөлдөөнийг бий болго!

Бүх түвшний сургуулийн удирдлагыг намчирхлаас ангид болго!

Их дээд сургуулийг зөвхөн эрдмийн эрэмбэтэй болго!

Их дээд сургуулийг профессор төвтэйг хөгжүүлж, түүнийг академик соёл, ёс зүйг тээгч, мөн бүтээгч болгон өөрчил!

Боловсролын салбарыг нийгмийг тэнцвэржүүлэх үүргээр нь үнэн хөгжүүл!

Үндсэн хуулийн үзэл санааг бүх түвшний боловсролд үнэн хэрэгжүүл!!!

Жич: Асуудлын жагсаалт гүйцэт биш, бас нарийн тогтолцоотой биш. Иймд түүнийг тогтолцоожуулж, гүйцэт болговол зохино. Үүнд хугацаа хэрэгтэй юм.

Ц.Лувсандорж

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/04/blog-post.html

Tuesday, March 20, 2018

З сая тоо толгой бүхий хонин сүрэг л бүү бол

З сая тоо толгой бүхий хонин сүрэг л бүү бол


Багшийн төлөө ажиллах хүсэлтэй хүнд МБН-ийн гүйцэтгэх захирал болж ажиллах нэгэн боломж гарч байна. Өмнөх захирал маань МБҮЭ-ийн ерөнхийлөгч болоод илүү их тэмүүлэлтэй явж байгааг та бүхэнд мэднэ. Тэр сайн ажилласанг түүх бас гэрчилнэ. Ийм учраас тэр өөдлөөд явж байгаа юм.

Энэ бүлэгт дэх комментийг шинжиж байхад нэг л их бусдад гомдсон, гоморхсон, өрөөлөөс өр, амлалт нэхсэн улс их байх юм.

Бусдаас нэхэх, өрөөлөөс авахын зэрэгцээ өөрөө манлайлаад их зүйл хийх нь уг нь илүү эрүүл юм. Ийм хүнд МБН-ийн гүйцэтгэл захирлаар ажиллах нь бусад дөрвөн түмэн багшийн төлөө зүтгэх, ажиллах ховор нэгэн боломж мөн.

Өрөөлийг шүүмжилж, өр нэхэх нь амархаан. Харин өөрөө хийж бусад өгөх нь бол амархан биш. "Миний өмнөөс чи үх. Чиний хоолыг би иднэ, харин чи өлс" гэсэн хандлагатай болсон энэ цагийнханд энэ нь бүр ч амаргүй нь мэдээж.

Харин энэ амаргүйг бүтээж чадаж байгаа нь л угтаа үнэн манлайлагч, үнэн удирдагч болдог юм.

Дөрвөн түмэн багшаас удирдагч, манлайлагч олон олон төрөөсэй. Эсрэг тохиолдолд өмнөх шигээ бид, тэд хонин сүрэг шиг л байх болно.

Хонин сүрэг биш харин сүргийн эзэд бай. Тэгэж байж багш ядуурлаас, өлсгөлөнгөөс гарна. Тэгэж байж багш мэргэжил байх ёстой байрандаа ирнэ. Тэгэж байж монгол зөв, төв хөгжлийн замд очно.

Эсрэг нь 3 сая тоо толгой бүхий хонин сүрэг шиг байх болно. Үнэн л ийм л юм.

Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/03/blog-post_20.html

Sunday, March 4, 2018

Математикийн багш байхын зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл

Математикийн багш байхын зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл

Математикаа мэддэг байх нь математикийн багш байхын зайлшгүй нөхцөл л юм. Харин хүрэлцээтэй нөхцөл нь биш.

Математикийн багш байхын зөвхөн зайлшгүй нөхцлийг хангасан гэх нь манайд одоо математикийн багш хийгээд байна. Тэр уг нь математикийн багш биш. Тэр хамгийн сайндаа л гэхэд сайн олимпиадчин л юм.

Математикийн багш байхын зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь 1. Математикч байх 2.Арга зүйч (дидактикч) байх явдал мөн.

Математикч байна гэдэг нь математикаар хичээллэж түүний мөн чанарыг танин барьсан байхыг хэлнэ.

Арга зүйч (дидактикч) байна гэдэг нь математикаар суралцагчдад эзэмшүүлэх агуулгыг багшлах ухаан шингэсэн уран үйлээрээ урлаг болгох арга ухааныг танин барьсан байхыг хэлнэ.

Математикийн багш гэх энэ цагийнхныг багшийн зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцлөөр шинжвэл манай улсад математикийн багш бараг алга. Яахав, тээр цагт МУИС, УБДС-д өдөр бүр 6 цагаар долоо хоногт 6 өдрөөр 5 жил буюу 50 сарын турш математикаар хичээллэж математик зааж жинхэнэ сурсан хэдхээн математикийн багш л яг л "сүүлчийн мокикан" шиг л үлдсэн байна. Тэдний төгсгөл ч сүүлчийн мокикан шиг байх юм.

Математикийн багш ингэж үгүйрч эхлэхэд монгол мангаараар л дүүрч байна. Гунигтайяа.

Математикийн багш зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцлөөр бэлтгэгдсэн улсад мангар биш харин жам ёс дүүрэн байх. Ийм улсад хүн дэвжиж улс хөгжсөн байдаг. Ийм улсад мангар үгүйрч саруул ухаан цэнэлэгдэг.

Манай улс математикийн багшдаа болох тэр цагаас эхлэж мангараас сална, манан сарнина.

Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/03/blog-post.html

Thursday, February 15, 2018

МБҮЭ дүрмийн төсөл



МОНГОЛЫН БАГШ НАРЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ


Нэгдүгээр бүлэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1  Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо нь багшийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолоо хамтран хамгаалах зорилгоор энэхүү дүрмийн дагуу сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн Монголын бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш нар байнгын үйл ажиллагаа бүхий чөлөөт ардчилсан нэгдэл мөн.

1.2 Холбоо нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчим баримтална:
1.2.1 Ардчилсан, ил тод, шударга байдал
1.2.2 Эв санааны нэгдэл
1.2.3 Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх
1.2.4 Нийгмийн түншлэл
1.2.5 Өөрийгөө удирдах, санхүүжүүлэх
1.3 Холбооны нэр нь ”Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэл” (цаашид Холбоо гэнэ) Товчилбол МБҮЭ англи хэл рүү орчуулбал Federation of Mongolian Teachers Unions /FMTU/ болно.
1.4 Холбоо нь ҮЭ-ийн бусад мэргэжлийн холбоод болон ижил зорилготой олон улсын
багшийн ҮЭ-ийн байгууллагуудтэй хамтран ажиллах ба олон улсын багшийн байгууллага, Монголын ҮЭ-үүдийн Үндэсний төвд гишүүнээр элсэх, гарах эрхтэй.
1.5 Холбоо нь төр, аливаа улс төрийн нам, эзэд, аж ахуйн байгууллагаас хараат бус, Монгол улсын Үндсэн хууль ба бусад хуулиуд, Олон улсын эрхийн хэм хэмжээ, энэхүү дүрмийн хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа чөлөөтэй бие даан явуулна.
1.6 Холбоо нь өөрийн хэвлэл, далбаа, албан бичгийн хуудас, онцлох тэмдэгтэй байна.
1.7 МБҮЭ
Х нь .... үйл ажиллагаагаа явуулна.

Хоёрдугаар бүлэг. ХОЛБООНЫ ЗОРИЛГО
2.1 Багш нарын хөдөлмөрлөх болон нийгэм, эдийн засаг, оюуны эрх ашгийг хангахын төлөөх нэгдмэл нэг байгууллага байх,
2.2 Багш нарын мэргэжлийн хөгжлийг хангах,
боловсролын үйлчилгээг чанартай хангах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх
2.3
Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг стандарт шаардлагын түвшинд хүргэх, ажлын цаг, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах, баталгаажуулахын төлөө ажиллах,
2.4
Багш нарын ашиг сонирхолд нийцсэн хууль тогтоомжийг санаачлах, боловсруулж батлуулахад идэвхтэй нөлөөлөх, дэмжих,
2.5 Монгол улсын Үндсэн хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор ҮЭ-үүдэд зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулах,
2.6 Багшлах мэргэжилтэй холбогдох бүхий л асуудалд идэвхтэй нөлөөлөн, төлөвлөх, зохицуулахад оролцдог, дэмжин хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний байгууллага байх,
2.7
Багшийн мэргэжлийн ёс зүйг сахихад гишүүддээ дэмжлэг үзүүлэх, нэр төрийг нь хамгаалахын төлөө ажиллах,
2.8 Бүх түвшинд
багш нарын байгуулах хамтын гэрээ, хэлэлцээрийн гүйцэтгэх үүрэг ач холбогдол, үр дүнг дээшлүүлэх,

Гуравдугаар бүлэг. ГИШҮҮНЧЛЭЛ
3.1    Энэ дүрмийг хүлээн зөвшөөрч буй, өөрийн болон бусад гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон ашиг сонирхлыг нэгдэж, хамгаалахыг хүссэн  бүх түвшний сургууль, цэцэрлэгийн багш нар  сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэж аль нэг хороо, бүлэгт харьяалагдана.
3.2    
МБҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн зохион байгуулагч нь шинээр элссэн ажилтныг гишүүдийн бүртгэлд бүртгэн авч батлах олгоно.
3.3    Гишүүд нь нэг загварын батлахтай байна.
3.4    Холбооны дүрэм зөрчсөн гишүүний талаар гомдол хүлээн авангуут түүнд өөрийгөө өмгөөлөх боломж олгон, зохих хууль дүрмийн дагуу судлан тогтоох үйл ажиллагаа явуулсны дараа бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн хэрэв гишүүн буруутай болох нь тогтоогдвол түүнийг ҮЭ-ээс хасах хүртэл зохих арга хэмжээг авна.
3.5    Бусад ҮЭ-ийн холбооны гишүүн нь тус холбоонд давхар гишүүнчлэлтэй байж болохгүй.

3.6    Гишүүний эрх
3.6.1 МБҮЭ-ийн бүх гишүүдийн хуралд оролцох, санал өгөх,
3.6.2
МБҮЭ-ийн удирдах байгууллагад сонгох, сонгогдох,
3.6.3
МБҮЭ –ийн сургалт, семинарт оролцох,
3.6.4 Хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах, нийгмийн баталгаагаа хангуулах асуудлаар
МБҮЭ-ийн байгууллагад хандах, мэдээлэл авах, хууль зүйн зөвлөлгөө авах,
3.6.5
МБҮЭ-ийн бодлого, үйл ажиллагааны талаар болон бусад гишүүдийн талаар санал, гомдол гаргах,
3.7    Гишүүний үүрэг
3.7.1 Холбооны дүрмийг хүндэтгэн сахин биелүүлж,
МБҮЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөрсдийн гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хянах,
3.7.2 Гишүүний татварыг тогтоосон хэмжээгээр тогтмол хураалгах,
3.7.3 Хууль ёсыг дээдлэн сахиж, шударга хөдөлмөрлөхийн зэрэгцээ хууль ёсны ашиг сонирхолоо хамтран хамгаалах,
МБҮЭ-ийн эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй тэмцэх,
3.7.4 Бусад гишүүдийн тэгш эрхийг хүндэтгэх,
3.7.5 Аливаа улс үндэстний энх тайван, эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэл хөдөлгөөнийг дэмжих,

Дөрөвдүгээр бүлэг. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
4.1    Холбоо нь дараах бүтэцтэй байна.
4.1.1 МБҮЭ-ийн хороо, хороо нь бүлэгтэй байж болно.
4.1.2 Монгол Багш нарын ҮЭ-ийн холбоо
4.2    Холбооны удирдах дээд байгууллага нь Холбооны Их хурал байна
4.3    Их хурал нь 3 жилд нэг удаа хуралдах ба тухайн жилийн 3-5-р сард хуралдана.
4.4    Их хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоог Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас батлах бөгөөд бага хурлыг 2 сарын өмнө зарлана.
4.5    Их хурлаар хэлэлцэх баримт бичгийн төслийг Гүйцэтгэх зөвлөл, Гүйцэтгэх хорооноос оруулна.
4.6    Их хурлаар хэлэлцэх асуудал, баримт бичгийн төслүүдийг бага хурал хуралдахаас 7 хоногийн өмнө хороодод хүргүүлнэ.
4.7    Их хуралд хороодын 80-100 гишүүн тутмаас 1 төлөөлөгчийг, 100 гишүүн тутмаас нэг төлөөлөгчийг нэмж сонгоно. 80-аас доош гишүүдтэй хороод бүх гишүүдийн төлөөллийн хурлаар бага хурлын төлөөлөгчөө сонгоно.
4.8    Төлөөлөгчдийн тоог гишүүдийн нэрчилсэн бүртгэл, татварын тооцоог үндэслэн тогтооно.
4.9    Сонгогдсон төлөөлөгч ямар нэг шалтгаанаар оролцох боломжгүй бол дараагийн хамгийн олон санал авсан гишүүн төлөөлөгчөөр оролцоно.
4.10 Их хурлын төлөөлөгчийг нууц санал хураалтаар сонгоно.
4.11 Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь ирсэн тохиолдолд  их хурлын хуралдааныг хүчинтэйд тооцно.
4.12 Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
4.12.1    Холбооны хөгжлийн стратеги зорилт, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэж батална.
4.12.2    Холбооны Гүйцэтгэх хороог 9 хүний бүрэлдхүүнтэй сонгоно. Үүнд:
·         Ерөнхийлөгч
·         Ерөнхий нарийн бичгийн дарга
·         ЕБС-ийн 5, цэцэрлэгүүдийн 3 төлөөлөл, орон нутгийн төлөөлөл 1 тус тус байна.

4.12.3 Гишүүдийн татварын хэмжээг тогтооно.
4.12.4 Хяналтын хороогоор шалгуулсан холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэнэ.
4.12.5 Дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батална.
4.12.6 Хяналтын хорооны дарга гишүүдийг сонгоно. Хяналтын хороо 7 хүний бүрэлдхүүнтэй байна.
4.12.7 Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно.
4.12.8 Хэлэлцэх асуудалд туссан бусад асуудлыг хэлэлцэнэ.
4.12.9 Шаардлага гарвал мэргэжлийн чиглэлээр салбар хуралдаан хийнэ.
4.12.10    МБҮЭ-ийн Холбооны Их хуралд төлөөлөгч, Ерөнхий зөвлөлд төлөөллөө сонгоно
4.13 Холбоо нь ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн сонгуульт удирдах ажилтнуудтай байна. Ерөнхийлөгч нь орон тооны бус, Ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тоогоор тус тус ажиллана.
4.14 Холбооны сонгуульт удирдах ажилтан нь:
4.14.1 Сүүлийн 10 сар татвар төлсөн холбооны гишүүн байх,
4.14.2 Хөдөлмөрийн насны байх,
4.14.3 Монгол улсын иргэн байх,
4.14.4 3-аас доошгүй жил
багшаар ажилласан байх,
4.14.5 Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх,
4.14.6 Улс төрийн намын удирдлагад сонгогдоогүй байх шалгуурыг хангасан байна.
4.15 Сонгуульт удирдах ажилтнууд нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй.
4.16 Ээлжит бус бага хурал нь гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр шаардлагатай гэж үзсэн үед эсвэл хороодын дөрөвний нэгээс доошгүй хувийг төлөөлсөн хурлаас шалтгаанаа бичгээр тодорхойлон шаардсан нөхцөлд хуралдана.
4.17 Шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааныг хуралдуулж ээлжит бус бага хурлын товыг зарлана.

Тавдугаар бүлэг. ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ
5.1    Их хурлуудын хооронд холбооны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Гүйцэтгэх зөвлөл хэрэгжүүлнэ.
5.2    Гүйцэтгэх зөвлөл жил тутам 1-р улиралд багтаж хуралдана.
5.3    Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдхүүнд:
5.3.1 Гүйцэтгэх хорооны 11 гишүүн,
5.3.2 Хяналтын хорооны 7 гишүүн,
5.3.3 300 гишүүн тутмаас 1 төлөөлөл байна.
5.4    Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар:
5.4.1 Хяналтын хороогоор шалгуулсан холбооны жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.
5.4.2 Нийгэм эдийн засаг, төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн төсвийг хэлэлцэн батлана.
5.4.3 Хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах асуудлууд, Гүйцэтгэх хороонд өгөх бодлогын зөвлөмж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг санал болгох,
5.4.4 Байнгын хороодын бүрэлдэхүүнийг батлах,
5.4.5 Нөхөн сонгууль хийнэ.
5.4.6 Холбоо нь өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх болон бусад хөрөнгийг эзэмших, ашиглах, актлах, захиран зарцуулах асуудлыг хэлэлцэнэ.
5.4.7
МБҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн хурлын протокол тогтоолыг үндэслэн ҮЭ-ийн хороог холбооны гишүүнээс гаргах эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
5.4.8 Бага хуралд бэлтгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийг байгуулна.
5.4.9 Тулгамдсан бусад асуудлыг хэлэлцэнэ.
5.5    Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирсэн тохиолдолд хуралдаан хүчин төгөлдөр байна.
5.6    Гүйцэтгэх зөвлөлийн хурлын зарыг 7 хоногийн өмнө хэлэлцэх асуудал, материалуудын хамт гишүүдэд хүргүүлнэ.
5.7    Бага хурлуудын хооронд дүрмээр зохицуулаагүй асуудлуудыг тодорхойлох, дүрмийг тайлбарлах эрхтэй.
5.8    Холбооны сонгуульт удирдах ажилтнуудад зөвлөмж, чиглэл, анхааруулга, хугацаатай үүрэг, зааврыг өгнө.
5.9    Холбооны мөнгөн хөрөнгө, өмч хөрөнгийг буруугаар зарцуулсан нь хяналтын хорооны шалгалтаар тогтоогдсон орон тооны болон ажилтнуудад хариуцлага тооцон, учруулсан хохирлыг барагдуулахыг Гүйцэтгэх хороонд даалгана.
5.10 Холбооны ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийсэн, дүрэм зөрчсөн, холбооны нэр хүндийг гутаасан, хамтын шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, шударга бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон тохиолдолд ажилтныг ажлаас халах, сонгуульт ажилтныг албан тушаалаас огцруулах хүртэлх арга хэмжээг авна.
5.11 Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Гүйцэтгэх хорооны шийдвэрээр эсвэл Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн олонхи бичгээр шаардвал зарлан хуралдуулна.
5.12 Гүйцэтгэх зөвлөл нь бага хурлын дараа хуралдаж дараахи байнгын хороодод гишүүдээ хуваарилан ажлаа зохион байгуулна.Үүнд:
5.12.1 Хүний эрх ба ҮЭ-ийн эрх, зохион байгуулалтын
5.12.2 Нийгэм эдийн засаг, төсвийн
5.12.3 Салбарын бодлого, зохицуулалтын
5.12.4 Төслийн
5.12.5 Эмэгтэйчүүдийн
5.12.6 Хүүхэд залуучуудын
5.13 Шаардлага гарвал бусад байнгын хороог Гүйцэтгэх хорооны шийдвэрээр байгуулж болно.

Зургадугаар бүлэг. ГҮЙЦЭТГЭХ ХОРОО БА СОНГУУЛЬТ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
6.1    Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны хооронд Гүйцэтгэх хороо холбоог удирдана.
6.2    Холбооны гүйцэтгэх хорооны 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна.
6.3    Гүйцэтгэх хорооны хуралдааныг жилд 10-аас доошгүй удаа хуралдуулна.
6.4    Хүндэтгэх шалтгаангүйгээр Гүйцэтгэх хорооны дараалсан 3 хуралдаанд оролцож чадаагүй аль ч гишүүнийг Гүйцэтгэх хорооны гишүүнээс хасагдсанд тооцно.
6.5    Холбооны ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх хорооны гишүүдийн олонхийн саналаар Гүйцэтгэх хорооны хуралдааныг хуралдуулна.
6.6    Гүйцэтгэх хороо дараахь үүргийг хүлээнэ:
6.6.1 Шаардлагатай гэж үзвэл хууль, эдийн засаг ба боловсролын асуудлаарх зөвлөхүүд ажилтныг гэрээгээр ажиллуулж болно.
6.6.2 Гүйцэтгэх хороо нь байнгын хороодын ажиллах журмыг батлана.
6.6.3 Гүйцэтгэх хорооны гишүүдийг ажлын хэсэг, түр хороонд томилон ажиллуулна.
6.6.4 Бусад байгууллага дахь холбооны төлөөлөл, ажлын хэсэг, МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлд сонгогдсон гишүүдийн мэдээлэл, гадаад томилолтын тайланг сонсож хэлэлцэнэ.
6.6.5 Нийгэм, эдийн засгийн төсвийн хорооноос санал болгосон төсвийн төслийг хэлэлцэж Гүйцэтгэх зөвлөлийн хуралд оруулна.
6.6.6 Холбооноос явуулсан үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд тавина.
6.6.7 Холбооны санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр авч хэлэлцэнэ.
6.6.8 Холбоонд хэрэгжиж буй төслүүдийн явцын ба санхүүгийн тайланг хагас жил тутамд хэлэлцэнэ.
6.7    Холбооны Ерөнхийлөгчийн үүрэг:
6.7.1 Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан, гүйцэтгэх хорооны хурлыг даргална. Санал тэнцсэн тохиолдолд ерөнхийлөгчийн санал шийдвэрлэх үүрэгтэй байна. Хурлын протоколтой танилцаж гарын үсэг зурж баталгаажуулна.
6.7.2 Холбооны бодлого, хөтөлбөрүүдээс урган гарч буй асуудлуудын талаар үндэсний хэмжээнд байр сууриа илэрхийлэх, шаардлагатай үед төрөл бүрийн компанит ажил, тэмцлийг зохион байгуулж, үр дүнд хүргэнэ.
6.7.3 Холбооны бүх түвшинд хэрэгжиж байгаа ажлыг олон нийтэд, ялангуяа гишүүдэд мэдээлж сурталчилна.
6.7.4 Ерөнхийлөгч нь Гүйцэтгэх хороотой хэлэлцэн зөвшилцөж тэдний өмнөөс Бага хуралд тайлан тавина. Бага хуралд тавих тайлан илтгэлийн төслөө Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна.
6.7.5 Холбооны дүрмийн биелэлтэнд хяналт тавина.
6.7.6 Олон улсын төслийн хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавина.
6.7.7 Холбоо, хороодын эв санааны нэгдлийг хангаж ажиллана.
6.7.8 Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлнэ. Засгийн газар, ажил олгогчидтой нийгмийн түншлэлийн хүрээнд зөвшилцөж ажиллана.
6.7.9 Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлнэ.
6.7.10 Хүний нөөцийн бодлогыг боловсруулан, холбоог боловсон хүчнээр бэхжүүлнэ.
6.8 Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг
6.8.1 МБҮЭ-ийн дүрэм, Бага хурал, Гүйцэтгэх зөвлөлөөс баталсан ҮЭ-ийн бодлого шийдвэрийг Ерөнхийлөгчтэй зөвлөлдөн хэрэгжүүлнэ.
6.8.2
МБҮЭ-ийн албан байрны үйл ажиллагааг хариуцна.
6.8.3 Бүх гадаад болон дотоод захидал, албан бичигт гарын үсэг зурна.
6.8.4 М
БҮЭХ ба ОУББ-д шаардлагатай бүх мэдээ тайланг гаргаж өгнө.
6.8.5 Гишүүнчлэлийн бүртгэлийг хариуцан хөтлүүлнэ.
6.8.6 Холбооны санхүүгийн баримт бичгэнд гарын үсэг зурж батлагдсан төсвийг захиран зарцуулна.
6.8.7 Үйл ажиллагааны төлөвлөгөөг хагас жилээр хийж, Гүйцэтгэх хороогоор батлуулан хэрэгжүүлнэ.
6.8.8 Хороодын ажлын уялдаа холбоог хангаж, сонгуультан болон ажилтнуудыг чадваржуулах, мэргэшүүлэх,
6.8.9 Холбооны ажлын албанд хөдөлмөрийн болон бусад гэрээгээр ажиллах ажилтнуудтай гэрээ байгуулан өдөр тутмын удирдлагаар хангаж, ажлын үр дүнг тооцож ажиллана.
6.8.10 Гүйцэтгэх Зөвлөлөөс өгсөн нэмэлт үүргүүдийг хэрэгжүүлнэ.
6.9    Холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь хууль, дүрэм зөрчсөн буюу ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг шалтгаанаар түүнийг хугацаанаас өмнө огцруулахыг гишүүдийн 50-аас дээш хувийг төлөөлсөн хороодын төлөөллийн хурал эсвэл гүйцэтгэх зөвлөлийн гуравны хоёроос доошгүй нь шаардвал гүйцэтгэх зөвлөл ээлжит бус бага хурал зарлан хуралдуулж, асуудлыг шийдвэрлэнэ.

Долдугаар бүлэг. ҮЭ-ИЙН ХОРООД БА БҮЛГҮҮД
7.1 МБҮЭ-ийн хороо, бүлэг нь холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ҮЭ-ийн үндсэн нэгж юм.
7.2
МБҮЭ-ийн хороо нь хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд байх ба гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэлтэй байна.
7.3    1000-аас дээш гишүүнтэй хороод 20 гишүүн тутмаас 1 төлөөлөлтэй бүх гишүүдийн төлөөллийн хурал хийнэ.
7.4
МБҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн зохион байгуулагч, гүйцэтгэх хорооны гишүүд, хяналтын хорооны дарга, гишүүд нь бүх гишүүдийн болон бүх гишүүдийн төлөөллийн хурлаас 3 жил тутамд нууц санал хураалтаар сонгогдоно.
7.5 Жил бүр бүх гишүүдийн болон бүх гишүүдийн төлөөллийн хурлыг хийх ба хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
7.5.1 Хяналтын хороогоор шалгуулсан үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах,
7.5.2 Хамтын гэрээний биелэлт, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
7.5.3 Үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв,
7.5.4 Бусад асуудлыг хэлэлцэнэ.
7.6 Холбооны бодлого шийдвэр, үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх, гишүүдийн эрх ашгийг ажлын байранд тууштай хамгаалах үүргийг үндсэн нэгжийн МБҮЭ-ийн хороо, бүлэг хүлээх ба шаардлагатай үед тулгамдсан асуудлаар бүх гишүүдийн хурлыг хийнэ.
7.7
МБҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн зохион байгуулагч нь энэхүү дүрмийг зөрчсөн гэж гишүүдийн гуравны хоёр нь үзвэл бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулж сонгууль явуулна.
7.8
МБҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн зохион байгуулагч нь бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, өөр ажилд шилжих, нас барах тохиолдолд бүх гишүүдийн хурлыг ажлын 14 хоногийн дотор зарлан хуралдуулж сонгууль явуулна.
7.9 ҮЭ-ийн хорооны дарга, бүлгийн зохион байгуулагч нь ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль ба Холбооны дүрмийн дагуу үйл ажиллагаагаа ажил олгогчоос хараат бус байдлаар бие даан явуулна.

Наймдугаар бүлэг. ТАТВАР, САНХҮҮ, ӨМЧ ХӨРӨНГӨ
8.1    Холбооны өмч хөрөнгө нь гишүүдийн татвар, тусламж, хандив болон үндсэн хөрөнгө, бусад орлогоос бүрдэнэ.
8.2    ҮЭ-ийн гишүүний татвар нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 1 хувиас дээшгүй байна.
8.3    Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татвараа төлөлгүй 3 сараас илүү хугацаа хэтэрвэл гишүүнээс хасагдсанд тооцно.
8.4    Татварыг бэлэн бусаар /дансаар/ хураана. Данс
МБҮЭ-ийн байгууллагын нэр дээр байна.
8.5    ҮЭ-ийн хороод татварын 15 хувийг холбооны дансанд шилжүүлэх ба 85  хувь нь ҮЭ-ийн хороонд үлдэнэ.
8.6    ҮЭ-ийн хороодын дарга нар улирал бүхний эхний арав хоногт багтааж  өмнөх улирлын татварын тооцоог хийнэ.
8.7    Холбоо, хороод санхүүгийн хувьд бие биенээсээ хараат бус байна.
8.8    Холбоо, хороодын өмч хөрөнгө, татвар, санхүүгийн үйл ажиллагаанд төр, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч хөндлөнгөөс үл оролцоно. ҮЭ-ийн өмч хөрөнгийг аливаа нэг улс төрийн намын болон бизнесийн үйл ажиллагаанд  ашиглаж болохгүй.
8.9    Мөнгөн хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Гүйцэтгэх хорооны тогтоолоор нийгэм, соёл, хамтын тэмцэл, шагнал, урамшуулал, хуулийн зөвлөлгөө, сургалт, цалин, ажлын хөлс, НДШ, захиргаа, аудит, хурал, цуглаан, мэдээлэл, сурталчилгаа, түрээсийн зардал, гишүүнчлэлтэй ҮЭ-ийн төв болон ОУ-ын байгууллагын татвар, Хяналтын хороо, байнгын хороодын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.
8.10 Сонгуульт удирдах албан тушаалтнууд ба бүх шатны сонгуультнууд, орон тооны ажилтнууд холбооны эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр эд хөрөнгийг зарах, солих, бусдад дамжуулах эрхгүй.
8.11 Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар
МБҮЭ-ийн хороо, нэгдсэн хороодоос авах хураамжийн хэмжээг нууц санал хураалтаар тогтоох ба хороод 1 сарын дотор төлөх үүрэгтэй.
8.12 Холбоо, нэгдсэн хороод нь дүрмийн зорилтоо хэрэгжүүлэх, гишүүддээ үйлчлэх зорилгоор нийгмийн үйлчилгээний байгууллага, ажил хаялт ба даатгалын сангуудыг байгуулан ажиллуулж болно. Сангийн дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэх зөвлөл батална.
8.13 Холбоо, түүний хороод нь татвар санхүү, хөрөнгийн зарцуулалтын тухай гишүүддээ жил бүр мэдээлнэ.
8.14 Ерөнхий нарийн бичгийн даргад урьдчилан мэдэгдэл өгсний дараа гишүүн бүр санхүүгийн тайлан тооцоо, дансыг үзэх эрхтэй.
8.15
МБҮЭ-ийн хороо, Гүйцэтгэх хорооныхоо шийдвэрээр үндсэн хөрөнгө худалдан авч эд хөрөнгийн бүртгэлдээ бүртгэн авах ба МБҮЭ-ийн хороодын дарга нар өөрчлөгдөхөд ҮЭ-ийн татвар, эд хөрөнгийг зохих дансаар хүлээлцэж байна.

Есдүгээр бүлэг. СОНГУУЛЬ
9.1    Холбооны гишүүн сонгуульт албан тушаалд нэр дэвшигдэх, өөрөө нэр дэвшүүлэх эрхтэй.
9.2   Холбооны их хуралд бэлтгэх ажлын хэсэг нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дүрмийн шаардлагад нийцсэн байвал бүртгэж авна. Их хурлын төлөөлөгчдөд нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хийнэ.
9.3    Сонгууль нууц санал хураалтаар явагдана.
9.4    Нэр дэвшигчид санал хураалтанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдоно.
9.5    Гурав ба түүнээс дээш тооны хүн нэр дэвшин анхны санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч 50.1-с дээш хувийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн нэрийг санал өгөх хуудсанд үлдээж 2 дахь санал хураалт явуулна.
9.6    Бүрэн эрхийн хугацаа тухайн бага хурал хаахаас эхэлж дараагийн Их хурал хаах хүртэл үргэлжилнэ.
9.7    Нэр дэвшигч бүр саналын хуудсыг тоолох явцыг хянах ажиллагчийг ажиллуулж болно.
9.8    Саналын хуудас тоолсон дүнг санал хураалт бүрийн дараа тооллогын комиссын тогтоол гарган төлөөлөгчдөөр батлуулна.
9.9    Саналын хуудсуудыг сонгууль дуусмагц устгана.

Аравдугаар бүлэг. ДҮРЭМ, ДҮРМЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
10.1 Бага хурал нь дүрэм, дүрмэнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
10.2 Дүрмийн өөрчлөлтийн саналыг Их  хурал хуралдахаас 1 сарын өмнө бүх гишүүдэд мэдээлнэ
10.3 Нэмэлт өөрчлөлтүүд их хурлаар батлагдмагц хүчин төгөлдөр болно.

Арваннэгдүгээр бүлэг. ХОЛБООГ НЭГТГЭХ, НИЙЛҮҮЛЭХ БА ТАТАН БУУЛГАХ

11.1 Холбоог нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах эрх гагцхүү Холбооны их хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдана. Шаардлагатай гэж үзвэл Холбоог нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах эсэх тухай асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлж, нууцаар санал хураан, Их хуралд ирсэн төлөөлөгчдийн 75-аас доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ.
11.2 Их хурлаас холбоог татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд Холбооны эрх залгамжлагчийн тухай болон хөрөнгийн асуудлыг Монгол улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
























Монголын Багшийн ҮЭ-ийн Холбооны Хяналтын хорооны дүрэм
МБҮЭ-ийн анхдугаар их хурлаар
хурлаар батлав.
2018.2.23

Энэхүү дүрмээр ҮЭ-үүдийн эрхийн тухай Монгол Улсын хууль, Монголын
Монголын Багш нарын ҮЭ-ийн Холбооны бодлого, дүрмийн хэрэгжилтэнд тавих хяналтыг тус холбооны хяналтын хорооноос идэвхжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1. Холбооны Хяналтын хороо нь Монгол улсын ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль, холбооны дүрмийн хэрэгжилтийг холбоо, хороодод шалгаж дүгнэлт өгөх, энэ хүрээнд гарсан маргааныг магадлан шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажлын төлөвлөгөө, удирдамжаа батлан ажиллана.
2. Холбооны санхүүгийн үйл ажиллагааг хагас жилд нэг удаа шалгаж, үл хөдлөх ба бусад хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж дүгнэлт хийх ба зөрчлийг арилгуулна.
3. Холбооны санхүүгийн бүх материалуудыг шалгуулах үүргийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээнэ.
4. Хяналтын хорооны хяналт шалгалт нь Монгол Улсын хуулийг дээдлэн, шударга, ил тод явагдах зарчимд тулгуурлана.
5. Хяналт шалгалт нь холбооны гүйцэтгэх зөвлөлийн саналыг харгалзах бөгөөд шалгалтад холбогдох баримт бичгийг /гарын үсэг бүхий/ архивт орохуйцаар бэлтгэсэн байна.
6. Хяналтын хороо нь шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна. Шалгалтын дүнг гүйцэтгэх зөвлөлийн хурал, бага хуралд хэлэлцүүлж зохих тогтоол шийдвэр гаргуулна.
7. Холбооны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэх саналыг тавьж болно.
8. Хяналтын хорооны гишүүдээс хүндэтгэн үзэх шалтгаанаар сонгуульт үүргээ биелүүлэх боломжгүй болсон буюу огцруулах тохиолдолд гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд тавьж шийдвэрлүүлнэ.
9. ҮЭ-ийн гишүүн өөрийн олж мэдсэн санхүүгийн хариуцлагагүй явдлын талаар бичгээр Хяналтын хороонд мэдэгдвэл, шалгаж хариуг бичгээр өгнө.
10. Хяналтын хороо нь дүрмэнд заасан үүргээ биелүүлэхдээ шаардлагатай шийдвэр, тодорхойлолт, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулж авах эрхтэй.
11. Хяналтын хорооны гишүүд зарим мэргэжлийн хүмүүсийг туслалцуулах зорилгоор шалгалтад оролцуулна.
12. Хяналт шалгалтад оролцсон хүмүүст зохих ажлын хөлс, урамшуулал олгоно.
13. Шалгалтын дүнтэй холбогдуулан зохих шийдвэр /тогтоол/ гаргах ба ҮЭ-ийн гишүүдэд мэдээлнэ.
14. Хяналтын хорооны үйл ажиллагаа явуулахад шаардагдах ажлын байр, холбоо, унаа болон бусад хангамжийн асуудлыг холбоо хариуцна. 


 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/02/blog-post_15.html

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...