Хөдөлгөөн, тэмцлийн олон толгойт могойн төлөв
Халтар царайтыг харж халтартаж байх зууртаа хамгаа алдаж халтарсан энэ цагийн монголчууд маань хөөрхий мөн олон янзаар хөдөлж, тэмцэх гэж үзэх. Тэр бүрт тэд бүтэлгүйтэнэ. Яагаад?
Хариулт их энгийн. Эрх баригчдаас том ах нараас сурч авсан нэгэн аргаа л дахин, дахин; давтан, давтан амжилттай үүнд хэрэглээд байгаа юм. Тэр арга нь сарниулах юм.
Сарниулах энэ аргаар манай улсад гарах аливаа хөдөлгөөн тэмцлийн эрчийг сааруулж, сарниулахын тулд эрх баригчид сарниулагчийг олох ёстой байдаг. Тэгээд сарниулагчийн ходоодон сонирхлыг олж мэдэн түүнийг нь хангах амлалт өгч уул сарниулагчийг "улаан тэмцэгч" болгон харагдуулж хөдөлгөөн, тэмцэлд сүртэйгээр шургуулна.
Сарниулагч хөдөлгөөн, тэмцэлд эхлээд их дүр эсгэнэ. Эхлийн энэ эсгэлт өрнөлдөө түүний эсрэг эсгэлт болдог. Тэр хөдөлгөөн, тэмцлийн эгзэгтэй, чухал мөч, үйлийн утгыг сарниулахаар зүтгэж байгаагаар эхлээд ажиглагдана. Тэгээд тэр хөдөлгөөн, тэмцлийг удирдлагагүй болгохын тулд удирдагч, манлайлагчийг нь муухай харагдуулж, хэвлэлээр зохион байгуулалтаар дайрна. Сарниулагч нь удирдагч нь биш юм уу гэсэн ойлголтыг нийтэд хийж өгнө.
Сарниулагчийн үнэн сонирхол нь өөр, харин ходоодон учраас, тэр хөдөлгөөн, тэмцлийг дээд, дунд, доод шатанд эрчийг нь бууруулж, хоёрдмол шинжтэй болгож, сарниулна. Сарниулагч тэмцэл, хөдөлгөөний утга учрыг хааяа, хааяа өөрийнхөө ходоодон сонирхолд зэвсэг болгож хэрэглэнэ.
Сарниулагчийн сарниулалтаар эцэстээ хөдөлгөөн, тэмцэл нэг эрх ашигтай гэх олон удирдагчтай, олон салбартай, олон нэртэй болж салбарлан салбайж, салбайж салбарлана. Эцэстээ, тэр олон толгойтой могой лугаа болно.
Том эрх ашгийн төлөө өөрөө өөрөөрөө өндийссөн хөдөлгөөн, тэмцэл бүхэн энэ улсад энэ л аргаар эцэстээ олон толгойт могойн төлөвт очно. Ингэхэд тэр өөрөө өөрөөрөө тарчилна. Төгсөнө.
Хөдөлгөөн, тэмцлийг ийм төлөв хүргэхгүй тулд сарниулагчаас түүнийг ангид байлга. Гэвч энэ бас амаргүй. Яагаад?
Наад сарниулагчид тань "би сарниулагч мөн" гэж эхлээд танигдахааргүйгээр авирлана.
Гэвч үнэндээ тэднээс ангид байх арга бий. Учир нь тэд эхнээсээ л их тод уншигддаг шүү дээ.
Ц.Лувсандорж
2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр
http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/04/blog-post_25.html
http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/04/blog-post_25.html
No comments:
Post a Comment