Тэр багшийн хөгжлийн чөдөр л бүү болчихоосой доо
Багшийн хөгжлийн хууль гэж байх ёсгүй. Хэрэв байвал энэ түүхэнд их содон хачин, гажиг юм болно. Яагаад?
Өнөөгийн монголчууд бид чинь хөгжлийг хүртэл хуульчилж чаддаг болтлоо, зөөлөн хэлбэл, хийрхдэг, хатуу хэлбэл, мунхагладаг болсныг нэгэн гэрч болно, энэ. Тэгэхээр энэ аймаар содон, хачин гажиг хэрэг мөн биз дээ?
Иймд "Багшийн хөгжлийн" гэж хөөргөн, хөөрхөн, хоосон нэрлэсэн энэ хуулиа их сайн л хэлэлцээрэй дээ. Багш нарын онц хурлаар хэлэлцүүлж байхаас харвал хуульчилж хэзээ ч болмооргүй үйл явцыг хүртэл хуулийн заалт болгон үргэлжлүүлж утгагүй бичсэн байгаа нь их харагдсан шүү.
Багшийн хөгжлийн биш, харин багшийн чөдөрийн хууль болчих вий дээ. Хууль гууль болсон цаг шүү. Энэ нь бас хууль санаачилсан нэрээр 22 сая төгрөгийн ашигтай нэг бизнес маягийн юм хийдэг болсон нууц биш нууцаас ч улбаатай ч байж мэднэ шүү. Учир нь багш мөнгөөр дутаж байна, харин тэд хуулиар дутсангүй.
Ер нь багшийн хуулийг нэг улс төрч гэх этгээд санаачилж хийх нь өөрт тань ч, өрөөлд ч их хор нөлөөтэй, их буруу үйл, буруу бодол юм. Ийм бурууг зөв болгохын тулд бас их ажил, их хөлс урсана даа.
Хөгжлийг хуульчилж болох уу? Энэ гэсэн асуултад хариулахаас л хөлс эхлээд урсаж эхэлнэ.
Чадах чадах зүйлээ хийж сурвал энэ улс уг нь их амархан хөгжих юм. Гэвч одоо цагийханд чаддаг нь ч алга, чаддаггүй ч алга. Хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг болсон доо. Ичнэ, улаан гэх зэрэг мэдрэмж аль хэдийн алга болчихсон юм шиг байдаг юм.
Багшийн хууль гэж байх эсэхээ эхлээд шийднэ. Бас хөгжлийг мэдээж хуульчилж болохгүйг ухаарна. Энэ мэт мунхаглалаасаа эхлээд салах хэрэгтэй. Тэгэхэд тэр багшийн чөдөр биш харин хууль болчихож мэднэ.
Тэгээд ч энэ асуудлыг хариуцсан бүхэл бүтэн яамархуу юм байж л байна. Энэ мэтийг ухаарах хэрэгтэй шүү дээ, том хуульчид даа.
Багшийн хөгжлийн гэх өгөөрдөм, хоосон дуудагдах тэр багшийг чөдөрлөсөн чөдөр л бүү болчихоосой доо.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
No comments:
Post a Comment