БАГШ ЯДУУРАХАД НИЙГЭМ ЭЦЭСТЭЭ ИХ ЯДАРНА
Багш ядуурахад багш л их доройтоно. Багш ядрахад багш мэргэжил их дордоно.
Багшийн доройтолт, багш мэргэжлийн дордолтоор нийгэм их харанхуйжина, хар массжина,
бурангуйжина. Харанхуй, бурангуй нийгэмд хар бүхэн л цэцэглэнэ. Үнэн худал болж
үзэгдэнэ. Худал үнэн бол цэнэглэгдэнэ.
Хар цагаан, цагаан хар болж харагдана. Сэхээтний зэрэг буурч, долдойн
сүрэг дээшилнэ. Багш ядуурахад,иймд, нийгэм
эцэстээ тун ядуурч харлана, харлаж
ядарна.
“Ардчилсан” гэсэн
тодотголтой хувьсгалт гэх өөрчлөлтийн үзэл санаа, үндсэн зарчмын дагуу
боловсрол, сургуулийг шинэчлэн өөрчлөх томоохон зорилт энэ талбарт ажиллагсдын
өмнө тавигдсан үнэн юм. Энэхүү шинэчлэлийг хийх гэж оролдсон өнгөрсөн он
жилүүдэд ололт байсан л байх. Гэвч алдсан алдаа бол их байна, сургамж, харин,
их бага байна.
Олсон ололт нь хүний
эрх, эрх чөлөөт байдал, өмчизм гэх зэрэг бол харин алдсан алдаа нь судалгааг үл
тоох нийгмийн хандлага, судлаачийг үл хүндэтгэх нийгмийн араншин, увайгүй
сэтгэл, залхуурах, бэлэнчлэх, хялбарчлах, хуулбарлах, хувилбарлах, хулгайлах
сэтгэлгээ болон аминч үзэл, бас, судалгааны үндэслэл муутай бодлого, шийдвэр,
түүний бэлтгэлгүй, бүтэлгүй хэрэгжилт, мөн боловсон хүчний мэргэшсэн, мэргэжсэн
байдлыг бус, харин тухайн бүлгийн ашиг, сонирхол, авилгалд хөтлөгдсөн оноогүй,
бас зохиогүй томилгооны олиггүй үр дагавраас улбаатай юм. Ийм олиггүй үр
дагаврын нэг бол багш ядуурах үзэгдэл мөн.
Өнгөрсөн гэх; алдаа гэх социализмийн 70 жилд багшийг өнгөлсний дүнд
нийгэм бүхэлдээ соёлжин сэхээрсэн. Энэ үеийн ерөнхий боловсролын сургууль,
цэцэрлэгийн шинэ багшийн сарын цалин 650 төгрөг байлаа. Тэр цагт намрын төлөг
10 төгрөг, талх 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй байсныг санавал шинэ багшийн нэг
сарын цалин 65 төлөг, 542 талхны үнэтэй
жишихүйц ханштай байжээ. Цалинг хониор өгдөг байсан гэвэл тэр үед шинэ багш
сард 65 тоо толгой бүхий сүрэг хониор
цалинждаг байх нь л дээ. Багшийг ийнхүү сард 65 тоо толгой бүхий төлгөн сүргээр, өдөр 2-3 хониор цалинжуулах бодлогыг
хэрэгжүүлсний дүнд тэр цагт багш ихэд тэнхээжин, ажилдаа хичээнгүйлэн зүтгэж,
сэтгэл гаргаж ажиллаж байсны дүнд энэ
үндэстэн ихэд сэхээрчээ, соёлжижээ. Тэр цагт энэ улсын хүн ам бүхэлдээ бичиг үсэгт тайлагдаж, тэр хэрээрээ
тэд ном үзэж, уншин ухаарах, ухаарч уншин, хүмүн төрөлхтний соёлт иргэншлийн утгаар, юуг хийж болох, юуг
эс хийх ёстойг бүр өсөх наснаасаа ухаарч өсдөг байв. Үүний үр дүнд хүмүүс хөлс
дуслуулахгүй орлого олохыг цээрлэж, одоогийн хэллэгээр бол авилгалыг цэглэж,
харин ариун цагаан хөдөлмөрөөр амьдрахыг эрхэмлэдэг болов. Тэр цагийн багш амьдрахыг зөвхөн номлогч төдий бус харин
үлгэрлэгч, манлайлагч байж чадав. Багшийг өнгөлөх социализмийн үеийн энэ
бодлогын дүнд нийгэм их ухаажив, соёлжив.
Ардчиллыг дүр эсгэсэн аясаар өрнүүлсэн өнгөрсөн 30 жилд, харин,
багш ч их ядуурч, үр дүнд нь нийгэм ч их ядрав, харлав, хар массжив. 2017 оны байдлаар шинэ багш сард 400 мянгаас хол
хэтрэхгүй төгрөгний цалин авч, багшийн сарын дундаж цалин 600 мянган
төгрөгт хүрэхгүй байгаа юм. Одоо зах зээл
дээр хонины “цаасан” ханш 80-100 мянган
төгрөг байгааг санаад, хялбархаан тооцоо хийвэл, дүр эсгэсэн ардчиллын үеийн
багш сард сүрэг хониор бус харин зөвхөн 5-6 хаврын хурга, намрын хэнз
төлгөөр л цалинжиж байгаа нь; тод хэлбэл, багш дундажаар сард нэг сайн эр хонины цэнээс
хол хэтрэхгүй ханш бүхий цалинтай байгаа нь харагдана. “Хонь хониороо үлддэг”
гэсэн үнэн эдийн засаг, малчны ухаанаар
харвал одоо багшийн бодит цалин дундажаар 600 мянган төгрөг бус, харин, 6 сая 500 мянган төгрөг байх нээ. Тийм ээ?
Дүр эсгэсэн ардчилалд багшийн цалин лав л 10–аас их хол дахин
буурчээ. Нийгмийн тархи, оюун, ухамсарыг
бүтээх их үйлсэд зүтгэгч багшийн амьдралын чанар, иймд, мөн л 10-аас их хол дахин муудав. Ихэнхи
хүний сэтгэлгээ ахуйдаа захирагддаг жам бус замын ёсоор багшийн сэтгэлгээ,
хандлага, зан үйл, ёс зүй, ёс суртахуун тэр л хэмжээгээр доройтсон байна; тэд нийгмийн ядуусын давхаргад аажмаар
шилжсэн орж байна. Багш нь боловсролын чанарын эх үндэс болж байдаг тул боловсрол мөн лав л 10-аас их хол дахин
дордсон байна;
10-аас их хол дахин доройтсон байна.
Ажиллаж ядуурч, ядуурч ажиллаж байгаа багш дотоод, гадаад
байдлаараа их л гундуухан байх. Цалин нь дөнгүүр нэг ширхэг хувцас худалдаж
авах бүү хэл, хоногийн хоолондоо хүрэхгүй тул тэд хувцас муутайхан л гэлдэрнэ.
Ядуувтар хувцалсан байдлаар нь сурагчид, томчууд тэднээр ил далд тохуурхан нь бас энүүхэнд. Багшийг
ядууруулах нь багшид ийм л түвэгтэй
байх.
“Ус хамарт нь хүрэхэд нохой усч” гэгчээр ядуу багш нар
мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэн байж,
бага хүүхдээр бизнес хийх томчуудын том олимпиадын золиос болох; ЭЕШ-ийн тоглоом болох; бас алдаагаар дүүрсэн номонцоруудын бохир шахаас,
сүлжээнд сүлжилдэн орох зэргээр бохир бизнесийн тоглоом, тохуу золиос болчих
гээд байна. Ер нь ч болчихоод байна. За
тэгээд, одсон, одоогүй хамаагүй бараг л
хүн бүрийн нэрэмжит уралдаан, тэмцээнийг мөнгөөр зохион байгуулдаг газар авсан
“галзуу” үзэгдэлд ч тэд оролцоод байна. Алдарт олимпиадын үед зарим багшийн
гаргаж буй авир, олж буй орлого нь,
товчхондоо хэлбэл, хурдан морины уралдааныг санагдуулж байх. Хурдны морины
уралдаанд хүүхэд л томчуудын мөнгө, нэр төр олохын золиос болоод үлддэг шүү дээ. Ядуурал багшийг ингэтэл нь их гандааж байна.
Цэцэрлэг, сургуулийн дөрвөн түмэн багшийн дунд өр зээлгүй нь бараг үгүй. Тэд цалингаараа байр авч үл
чадах тул бүгд байрны зээл гэгч
мөнгөхүүлэлтийн золиос болж байрны зээлэндээ уяатай байх. Тэдний цалин
амьдралын наад захын хэрэгцээнд үл хүрэлцэх тул тэднийх гэх зүйлс ломбаарданд л
тавиастай байх. Энэ байдал нь багшийг бие
нь ажлын байрандаа байвч сэтгэл, оюун,
зүтгэл, бодол, сэтгэлгээ нь тарчиг ахуйдаа уяатай байхад хүргэж байна. Ядуурал
багшийг ингэж их дорд болгож байна.
Ядуурсны гай ч гэмээр юм уу даа, энэ цагийн багш нарын
дунд мэргэжил, мэдлэг, чадвараараа бус
харин төрийн шагнал, одон тэмдгээрээ л уралдах, гайхуулах сэтгэлгээний
нэгэн гажиг хэлбэр газар авч байна.
Энгэрт гялалзах одон медаль нь ядуу багшийг ядуурлаас гаргах нь юу л бол.
Одонгоо гялалзуулан индэр дээр эгнэн зогсох гэж үзэлцэхээс илүүтэйгээр нэг
цагийн ажлынхаа хөлсний хэмжээг малчны ухаанаар нэмэгдүүлэхийн төлөө нэгдэн
нийлэх нь, нэгсэн тэмцэх нь наандаж, ядуурсан багшийг ядуурлаас гаргахад,
цаанадаж, манантаж сааралтсан нийгмээ сэхээрүүлэн гэрэлтүүлэхэд ач тустай байж юун магад. Багшийн ядуурал нийгмийн гэгээг
бууруулж, мананг өтгөрүүлж байна. Багшийн ядуурал нийгмийг ийм л хийрхэлд
хүргэж байна.
Ядуу багш нар нийгмийн урд бус, харин нийгмийн ард хоцрогчдод,
ер нь ард болчих гээд байна. Тэд
мэргэжил, боловсролоо дээшлүүлэх, багшлах ухаан, багшлах урлагийн талаар санаа огт
зовдоггүй болох гээд байна. Эрүүгээ хөштөл илүү цаг заасаар л өдрийг өнгөрөх нь
ядуу багшийн түгээмэл төрх болох нь. Өдрийг ийнхүү өнгөрөөх тул тэдэнд ном
унших, юм судлах, арга зүйгээ дээшлүүлэх, нийтийн боловсролын талаар төрөөс
барьж буй бодлогын буруу, зөвийг эргэлцүүлэх, шүүмжлэх, сайжруулах тийм цаг бага,
цаг байлаа ч сэдэл, тэмүүлэл үгүй болох
аюул нүүрлэж байна.
Тээр жилийн хууль бус хамтарсан засгийн газраас
хэрэгжүүлж буй нийтийн боловсролыг Англичлах бодлогын хор нөлөөг урьдчилан
сануулж, энэ талаар үндэсний түвшний хэлэлцүүлэг хийхийг уриалсан “Боловсролыг
Кэмбрижчилэх нь ухралт мөн, харин урвалт уу” гэсэн нийтлэл бичиж, олон сонинд нэг сая гаруй төгрөг төлж нийтлүүлж олны хүртээл болгосны дараахан
энэ цагийн багш нар өдөр тутмын сонин ч олж
хардаггүй болтлоо хоцорсон, ядарсанг олж мэдээд, ихэд гайхсан. Бас чамгүй
гутарч билээ.
Мөн олон жилийн турш гурван талт хэлэлцээрээр багшийг ингэтэл нь ядууруулж ирсэн ҮЭ-дээ тэд үг дуугүй татвараа төлсөөр, төлсөөр, төлсөөр,
өөрсдөө их ядарч явахыг нь ажиад бас ихэд гайхсан. Бас чимээгүй ихэд гундаж
билээ.
Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөний дор саяхан ОУВС-ийн гадаа “багшийн үндсэн цалинг
нэмүүлэх, багшийн тэтгэвэрт гарах насыг уртасгахгүй байх, татварын хэмжээг нэмэхгүй байх” гэх зэрэг
шаардлага өгөх цуглааныг МБН-ээс цайны цагаар нь тэсхийм өвлөөр зохион
байгуулахад өөрсдийнхөө төлөө үг хэлдэггүй, үйл хийдэггүй, ирдэггүй болтлоо
багш нар уяатай болсныг мэдрээд бас л их гайхсан. Урам багагүй унтарч билээ.
Иймэрхүү дорд
байдлаар дорой байгаад байвал багш нар шинэ цагийн иргэдэд хичээл сургалт явуулж тэдний амьдралын замыг
гэрэлтүүлж ер нь чадах уу? Энэ цагийн хүүхэд яагаад
сургууль дургүй болчихов оо? Энэ цагийн хүүхдүүд яагаад бүх хичээлээрээ улсаараа муу сурч байна аа? Багш нар мөнхийн сурагч байж нийгмийн
оюуны манлай болж чадаж байна уу? Манай улсын
боловсрол яагаад ингэтлээ дорд воо? Манай
улс өрөнд унаж яагаад ингэтлээ доройтов оо? Монгол
түмэн яагаад өр зээлэнд баригдаж үгүйрэн
ядуурав аа? Ийм болтлоо улс нь муруйж түмэн нь мунгинаж
байхад нөгөө олон гавьяатай багш нар, нөгөө олон учир нь олдохгүй зэрэгтэн,
цолтон, мундагтан хаагуур явна аа?
Багш ядуурахад нийгэм бүхэлдээ хар массжиж, ухааралгүй,
эргэцүүлэлгүй болж байна. Дүнд нь “хар” байх, боловсролгүй байх тусмаа том
лидер, их манлайлагч болдог жам бус зам манайд хээв нэг үзэгдэл болж газар авах
нь. Багш ядуурахад нийгэм ингэж их хар массжидаг юм. Энэ нь мөн ч их гунигтайяа.
Багш ядуурахад багш мэргэжил л их дорд үзэгдэж
байна. Цэцэрлэг, сургуулийн багшийн
цалин хэт бага байгаагаас болж олигтой нь, тэр тусмаа эрэгтэй хүн багш мэргэжлээс
зугтдаг болов. Одоо 9 эмэгтэй багшид 1
эрэгтэй л ноогдож байна. Ингэснээр эрэгтэй хүүхэд эмэгтэйчих үйл үндсэндээ энэ
улсад институчлагдаж байна. Дүнд нь эр хүйстэй эм төрхтэй иргэд олшрох нь. Нийгэм бүхэлдээ эмэгтэйжин жендерчилэгдэх
нь. Өрх толгойлсон ганц бие, эмэгтэй
багш нар ч, эр хүйстэй эмэгтэй тархи, төрхтэй нь ч бүр элбээгших нь. Багшийн ядуурал нийгэмд ийм нэгэн шинэ гайг
бас авчирч байна.
Багш ядуурахад нь нийгэм ихэд хар массжин тэр “хар”-тай, гайтай, аюултай, гунигтай болдог тул багш нарыг амьдралынх талбар болсон
боловсролын салбарынхаа ирээдүйн хөгжил, цэцэглэлтийн төлөө санаа зовж, хувь нэмэр оруулж чадах хэмжээний
амьдрал, ахуйтай болгоё! Тэднийг
аль ч цагийн хүүхэд, ямар ч үеийн
нийгмийн бусад бүлд өнгө үзэмжээрээ ч, мэдлэг боловсролоороо ч, мэдээллээрээ ч,
хамгийн гол нь, ёс зүй, ёс суртахуунаараа ч гологдохгүйгээр мэргэжсэн,
мэргэшсэн байхын баталгаа болох хууль ёсны бодит орлого, цалинтай байлгая! Нийгмийн тархи, оюуныг бүтээгч багшийг
ядуурлаас салгая!
Багшийн цалинг өнөөгийн 65 хонины ханшид ядаж дүйцүүлье! Ядаж 6 сая 500 мянга болгоё!
Багшийг ядуурлаас гаргахад ухаанаа ч, мөнгөө ч бүү
харамла. Учир нь, багшаас харамласан
мөнгө шоронд л зарагддаг юм. Учир нь, багш
ядуурахад бас нийгэм эцэстээ тун их ядардаг
юм.
Ц.Лувсандорж
2018
оны 2 дугаар сарын 8-ны өдөр
http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/02/blog-post_8.html
http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2018/02/blog-post_8.html
No comments:
Post a Comment