Friday, November 10, 2017

Багш нарын буруу ажил хаялт



Багш нарын буруу ажил хаялт

Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ээс зохион байгуулж буй  одоогийн ажил хаялтад  багш нарыг оролцохыг би шүүрч дэмжихгүй, харин сөрж эсэргүүцэж байна.  Учир нь энэ зөв биш харин буруу ажилт юм.

Багш мэргэжлийнхээ үнэн цэнийг бодитой шударга цэнэлүүлэхийн төлөө өөрөөрөө өндийсөн багш нарын цалингаа нэмүүлэхийг шаардсан түүхэн хөдөлгөөн, тэмцлийг үзэл санаа, зарчмаар хөтөлж ирсэн хүний нэгийн хувьд; ерөнхий зохицуулагчдаа ийм  байдлаар дэм тус болж яваа цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд  Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ээс зохион байгууулж буй ирэх ажил хаялтад багш нар оролцохыг  шүүрч авч шууд дэмжихгүйн учир шалтгаан ийм юм.

 Багшийн цалин нэмүүлэх түр хороо “багшийн  үндсэн цалинг  нэг сая зургаан мянган төгрөг болгоно” гэж тэмцэхдээ үнэндээ   дараахь үндсэн зарчим, үзэл хандлагыг баримталж ирсэн.  Үүнд:

Нэг. Багш бусад төрийн албан хаагчдаас эрс ялгаатай юм.   Ялгааг  тооцож байж л нийгмийн хөдөлмөрийн хуваарь дээр багш мэргэжил байх ёстой байрандаа байрлаж, дээгүүр зогсож дөнгүүр үнэлэгдэх юм. Энэ бол нөгөө талаасаа, шударга ёс юм, эрүүл сэтгэлгээ юм.  Ийм энэ зарчмаа нийтэд хүргэхийн тулд “Бүх хонь шар халзан биш” гэсэн нийтлэлийг бичиж, хэлэлцээр, мэтгэлзээнд хүртэл үүнийг элдэв хөг, өнгөөр олон дахин давтаж байв. 

Хоёр.   Нэгд дурьдсан зарчмыг үг төдий биш харин үйл болгосноор л багшийн цалингийн шатлал, сүлжээг бусдаас нь салгаж шинээр тогтоож байж багшийн цалин бусдаасаа ялгагдана.  Ингэснээр багшийн цалинг эхний ээлжинд  1,6 сая, цаашилбал, 3500 $-той жишихүйц болгож болно.  Ингэснээр багш нар маань төрийн албан хаагчдын цалингийн тамын тогооноос ангид болж чадна.Цалингийн чөтгөрийн тойргоос гарч чадах юм.

Ийм үзэл хандлагаар, үндсэн зарчмыг баримталж  бид (энд, бид гэдэгт үсээ гелидсэн, хэвлэлийн бага хурал дээр суудал булаалцалдаж микрофон хөөцөлддөг голдуу цэнхэр пиджактай залуу багш нарын холбооны төлөөллийг хасаж ойлгоно) багшийн цалин  нэмэх энэ тэмцэл, хөдөлгөөнийг  урагшуулан хөтөлж, хэлэлцээр, уулзалтаар  асуудлыг шийдэх арга замыг олж ирсэн  юм.  Гудамжинд гурав сар өрнөсөн тэмцлийг ордоны хэлэлцээр болгож чадсан юм.  Энэ хэлэлцээрийн бичигт энэ зарчмаар үндэслэсэн цалин нэмүүлэх 4 шаардлага, багш нарын онц их хурлын шийдвэр 13 ажлаа тусгуулж ажиллаж бас чадсан юм....

Багш нарын цалинг нэмүүлэх хорооны нэр ч багш тодотголтой. Үйл ч багштай, багшийн цалин нэмүүлэхтэй хамт юм. Ийм учраас дөрвөн түмэн багш түүнтэй хамт байгаа юм.

Ийм учраас багш гэдэг үгийн үнэн хүчнээс айдаг юм шиг “багш” –аар хэзээ ч овоглодоггүй“ багшийг сургууль, цэцэрлэгийн манаач, нярав, яамны дарга, мэргэжилтэн, судлаач, ер нь, хэнээс ялгаж чаддаггүй, мэддэггүй болтлоо багшийг дорд үзэж, хэрэгтэй цагт нь багшийг багш бус хүний төлөө тэмцэлд тэднийг буруугаар ашиглаж ядууруулдаг МҮЭ-ийн Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн  ажил хаялт гэгч нэгэн ээлжит шоунд багш нарыг оролцохыг би хувьдаа дэмжихгүй юм.

Багш нар энэ шоунд оролцсноор юу хожих вэ?  Зарчмын хувьд тэд юу ч хожихгүй, харин  тэд  зарчим, үзлээ, өөрөөрөө өндийсөн хөдөлгөөн, тэмцлийн утга агуулгыг л утгагүй болгож, утгыг нь алдагдуулж байгаа юм, овлигогүй хэдхээн хүний хорон бодлын золиос болгож хортойгоор ашиглуулж байгаа л юм.

Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-зохион байгуулж байгаа энэ ажил хаялтын эцсийн дүр зураг нэг иймэрхүү харагдаж байна.

-Ажил хаялт юм болохоороо ихээр бодоход хэд хоног үргэлжилнэ.

-Хэсэг хугацааны дараа хэлэлцээр эхэлж ажил хаялтыг зогсоно.

-Хэлэлцээрт бидний саяын хэлэлцээрт сууж байсан талууд, өөрөөр хэлбэл, багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос бусад нь онцын өөрчлөлтгүйгээр сууна.

-Эцэст нь  багш нарын түр хорооны хэлэлцээрээр хүрсэн баримт бичгийн төсөлд “багш” гэдэг үгийн  ард “боловсрол, ,шинжлэх ухааны ажилтан, ажиллагсад” гэдэг үг нэмэгдэнэ.  Багш гэдэг үгийг дарж ч мэднэ. Эцэст нь, ялгаатай нь энэ удаа бол, хамгийн сайндаа гэхэд ОУВС-тай үндсэн цалинг нэмж болох талаар засгийн газар хэлэлцээр хийж мэднэ.Хийнэ гэж амлаж мэднэ (Цалин нэмүүлэх түр хорооны хэлэлцээрт нөгөө тал маань ингэж амлаж байсан). Тэгээд зөвхөн багш нар биш харин боловсрол, шинжлэх ухааны салбарын бүх ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг тодорхой хувиар нэмэх шийд сайндаа гарч мэднэ. Дөрвөн түмэн багшид биш харин бүх төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх тул инфляц өсөж багшийн цалин нэмэгдэхгүй харин үнэндээ хасагдсан байна. Яг л өнгөрсөн 27 жилийн цалин нэмүүлэх нэртэй үнэндээ "багшийн бодит орлогыг хасдаг" урдаас бэлтгэсэн жүжиг шиг л.  Асуудал 2019 онд дахиад хэвээрээ л үлдэнэ. Багш нар цалингийн тамын тогоондоо, чөтгөрийн тойрогтой л эргэлдэж, эдлэгдэж үлдэнэ.

 Иймд массыг хамтруулж хийж буй тэмцлийн үр дүн ингэж эцэстээ тэмцсний гай болж, хор болж үлддэг юм, багш нарт. Учир нь МҮЭ -ийн  эх үндэс буруу, зарчим их зөрүү байдагт оршино.  Тэд ингэж үздэг.

Нэг. Төрийн бүх албан хаагчид ижил, ялгаагүй. Өөрөөр хэлбэл, “Бүх хонь шар халзан” гэж албаар үздэг.

Хоёр. Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ нь  “бүх хонь шар халзан биш” гэдгийг оршихын тулд, олон хүнээс татвар авахын тулд  албаар “бүх хонь шар халзан” гэж мунгинаж зүтгэснээр цаасан мөнгөний чөтгөрийн тойргоос багш нарыг  хэзээ ч гаргадаггүй юм.  Ийм бодлого, зарчимтай ҮЭ –ийг худалдагдсан ҮЭ буюу шар үйлдвэрчний эвлэл гэдэг.

Тэгэхээр Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны бид (энд, бид гэдэгт багш нарын түр хорооноос зарласан зөвхөн багш нарын ажил хаялтыг гэнэт зогсоочихоод, хэлэлцээр эхлэхэд  ҮЭ зарласан ажил хаялтыг сурталчлаад явж байдаг багш нарыг тамын тогоонд нь,  чөтгөрийн тойрогт нь мөнхөд байлгах муруй үйлтэй,  гелидсэн үстэй, хэвлэлийн бага хурал дээр суудал булаалцалдаж микрофон хөөцөлддөг голдуу цэнхэр пиджактай залуу багш нарын холбооны төлөөлөл болон албан тушаал, нэр хүндийн төлөө удирдагчаа “түгжилддэг” 1-2 "түгжил"-ийг хасаж ойлгоно)  багшийг ялгаатай үзэж, тэдэнд ялгаатай цалин өгөхийн төлөөх  замаар багш нарыг инфляцаас хамааралгүй болгож, тэднийг мөнхөд төрийн албан хаагчдын тамын тогооны гаргах,  тэднийг цаасан мөнгөний инфляцийн чөтгөрийн тойргоос салгахын төлөө “зөвхөн багш” гэдгийг эхнээс нь их тод тавьж хэлэлцэн хэлэлцээрийг байгуулчих алтан боломжийг түүхэнд анх удаа энэ тэмцлээр бий болгож чадсан. Гэвч багш нарын цалин нэмүүлэх хороог төлөөлж ажлын хэсэгт орсон  дотоодын зарим овлигогүй, ходоодон хандлагатай, холын бодлогогүй нөхдийн увайгүй үйлдлээс болж түүхэн ховор энэ боломж, торгон тэр эгшинг багшийн төлөө ашиглаж энэ удаа чадсангүй дээ. Тэгээд хөөрхий багш нар маань нөгөө л чөтгөрийн тойрогтоо, тамын тогооондоо эргэлдэж, эдлэгдэхийн төлөө ажил  хаясан нэртэйгээр өөрсдөө  өөрсдийнхөө эсрэг босож байх.  Хайрт нандин ховор сайхан мэргэжлийн минь тээгч багш нарыгаа ингэж гуньдаж, алдаж явахыг харахад даанч  харуусалтай.

Багшийн цалин нэмүүлэх түр хороо багшийг төрийн албан хаагчдын цалингийн тамын тогоонд мөнхөд байлгахын төлөө бус харин түүнээс  гаргахын төлөө тэдний тэмцлийг  зөв, төв зарчмаар удирдсан юм.

Багшийн цалин нэмүүлэх түр хороо  багшийг  цаасан мөнгөний инфляцийн чөтгөрийн тойрогт  байнга байлгахын төлөө бус харин түүнээс багшийг гаргахын төлөө тэдний тэмцлийг зөв, төв үзлээр хөтөлсөн юм.

Ийм учраас  ерөнхий зохицуулагчдаа  ийм үзэл санаагаар дэм тус болж  яваа багш нарын цалин нэмүүлэх удирдах зөвлөлийн гишүүн би   Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ээс зохион байгуулж буй  одоогийн ажил хаялтад  багш нарыг оролцохыг шүүрч дэмжихгүй, харин сөрж эсэргүүцэж байна.

Буруугаас  буруу бий болдог.  Буруу үйл бурууд хөтөлдөг.Өөрийгөө ядуу болгохын төлөө биш өөрийгөө аврахын төлөө, тамын тогооноос гарахын төлөө ажил хая. Тамын тогоо, чөтгөрийн тойрогт мөнхөд үлдэхийн төлөө бус харин түүнээс салахын төлөө үнэн тэмц. Бусдад “нохойнд барьдаг ганц мод шиг” буруугаар ашиглагдаж  "үнсэнд хаягдсан шалз" лугаа үүрд хаягдахын төлөө, буруугийн төлөө бус,  харин зөвийн төлөө тэмц.  Ухаарч тэмц. Утгатай ажлыг утгагүй энэ цагт биш харин утгатай цагт нь утгатай хаяж тэмц.

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...