Saturday, November 11, 2017

ТҮР ХОРООГ БҮР БҮҮ ХЭЛ ТҮР ТООХ НЬ Ч ОДОО ОЛДОХГҮЙ БИЗ ЭЭ



ТҮР ХОРООГ БҮР БҮҮ ХЭЛ ТҮР ТООХ НЬ Ч ОДОО ОЛДОХГҮЙ БИЗ ЭЭ

Одоо багш цалин нэмүүлэх түр хорооны дэд зохицуулагч, удирдах зөвлөлийн гишүүн гэгчдийг бүү хэл "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-г тоож үзэх, тосож угтан хэлэлцээр хийх засгийн бүү хэл, нийгмийн бүлэг, байгууллага ч ойрын хэдэн жилдээ лав олдохгүй байх даа. Тэр мөчөөс эхлэн зарласан хэвлэлийн бага хуралд нь  тоож ирэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл хомс байх биз ээ. “Түр хорооныхон гэж явсан  тэр хорооны бид одоо дор дороо болох, болохгүй бор үйлээ бувтнуулж явах “борчууд” болж үлдэв шив дээ. Хэлэлцээрийн ёс зүй, үнэт зүйлийг уландаа гишгэсний үр нь энэ юм.
Зарласан ажил хаялтаа гэнэт зогсоодог. Багш нарыг ажил хаялуулж чаддаг гэдгээ харуулж чадсан шигээ  “багш нарыг ажил хаялуулахгүй байж чадна” гэж амлан хэлэлцээр ороод хэлэлцээр өрнөж байхад нь гэнэт л түр хорооны нэг хэсэг нь МҮЭ эвлэлтэй хамтарч багш нарыг ажил хаялтад уриалж явах, хэлэлцээрийн ажлын хэсгийн хурлыг хаясаар хаясаар;  хэвлэлийнхээ найзаар дамжууулж түр хороо хууль бус гэж хэвлэлийн бага хурал дээр нь хүртэл  орилуулсаар орилуулсаар багш нарын буруу ажил хаялтыг эхлүүлэв ээ. Ингэснээр  Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны төлөөлөх чадвар, чадамжийг л үгүй хийж, түүнийг  баллаж балдуурдаж авав аа.  Одоо төлөөлөх чадамжгүйгээ бодит үйлээрээ харуулсан түр хороонд итгэх субьект соёл иргэншилт нийгэмд лав байхгүй байх. Эцэстээ түүх болсон түр хороо маань бүр бүү хэл бүр юу ч биш болж үлдэв ээ. Яахав, энэ тэмцлийн үйл явц, өрнөл, сургамжийн бичвэрт, хэрэв бичигдвэл, энэ таван үг бичигдэх л биз ээ.  

Багш нарын өөрөөрөө өндийсөн энэ түүхэн тэмцлийг хэдхээн хүмүүсийн ходоодон сэтгэлгээ, холч биш хэдхэн үйл ийм л ихээр хорлож ингэж сүйтгэж хаялаа даа.

Яахав, зарим газар ёсыг бодож, зүсийг таньж, үнэн сэтгэл, чинхүү зүтгэлийг нь үнэлж түр хорооны ерөнхий зохицуулагчийг хэлбэр төдийхөн дуудаж уулзах нь хааяа хааяа байж юу магад. Түүх бичиж юун магад.  Харин удирдагч руугаа нулимагчдыг дуудаж хүндэтгэх газар бүү шингээх орон зай олох нь соёл иргэншилтэй ертөнцөд бол мэдээж амаргүй биз ээ. 

 Түр хороог байгуулахдаа ерөнхий зохицуулагч, ер нь бид хүнээ л сайн таньж шинжиж л чадаагүй байна лаа даа.

Түр хороог бүр бүү хэл түр ч тоох нь газар ойрын хэдэн  жилдээ олдохгүй биз ээ.  Багшийн нарын язгуур эрх ашгийн төлөө өөрөөрөө өндийсөн үнэн энэ тэмцэл ингэж л төлөөлөн удирдах субьектгүй болж байгаа нь энэ тэмцэл, хөдөлгөөний хамгийн харамсалтай, хамгийн гунигтай нь юм даа.

Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сар 11-ний өдөр

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...