Thursday, November 23, 2017

Энэ үг элийрэл биш

Энэ  үг элийрэл биш

Багш нар л монголоо аварна, монгол гоёно.  Үүнийг зарим этгээд элийрэл гээд байна, цаана чинь.  Гэвч монгол нутгаар түгээсэн дүр эсгэсэн ардчиллын хий үзэгдэлд нэрвэгдээгүй,  манангийн мананд манаараагүй  элийрээгүй хүнд энэ үг харин элийрэл биш, харин урагшаа харсан зүг чиг мөн.  Багш нар бидний өнгөрсөн гурван сарын турш хийсэн их урт тэмцлийн оршил, оршлыг өрнүүлэх зүг чиг мөн, энэ үг.  

 Бэлтгэнэ... МБҮЭ байгуулна... Уртад хурц тэмцэнэ. "Хууль бус" гэж гоочлуулахгүй, "Баривчилна" гэж айлгуулахгүй ҮЭ хууль дор багшийн нэгдлийн хүчээр уртад хурц удаан тэмцэнэ. Монголоо манангаас салгана. 

 Яаж бумтан болсон нь тун тодорхойгүй тэрбумтангууд багшийг ойлгож тэдний цалинг өөрсдийнхөө бизнесийн эсрэг нэмэх үү? Үгүй л биз дээ. 27 жил тэгээгүй л биз дээ.Хар л даа. Шинж дээ. Үгүй л байгаа биз. 

Ингэж багш бидний тэмцэл  нийгмийн болон байгалийн баялагийн тэгш бус хуваарилалтыг язгуураараа  эсэргүүцэж байдаг юм. Багш нарын цалингаа нэмүүлэх энэ эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэл эцэстээ улс төрийн тэмцэл ингэж болж байна.  Ийм учраас их дайсантай байдаг юм. Учир нь багш нар монголын ганцхан зохион байгуулалттай нийгмийн бүлэг юм. Ийм учраас энэ тэмцлийг нухчин дарах түмэн сонирхол тэдэнд их бий. Бас гадны энэ түмэн дарамтаас илүү хажууд нь нөхөр гэж харагдах дотоодынх анд дайснууд бий. Тэд бүр хорлонтой. Дотоодын энэ хорлол нь бас гадныхных нь үг, хөдлөл байдаг. Энэ бүхнээс ангид байж эрх ашгийнхаа төлөө уртад бэлтгэж тэмцэх хэрэгтэй, багш нар.  Үүний тулд эхлээд МБҮЭ-г үнэн байгуул.

Тэмцэл дунд энэ ингэж байгуулагдсан ҮЭ бол монголын анхны үнэн ҮЭ болж түүхэнд бичигдэнэ. Бусад нь худлаа, коммунизмын үеийн нэр төдий зүйл, үеэ өнгөөрсөн галзуу капитализмын эхэн үеийн шар эвлэл төдий юм.

Тэмцлээр бүтээгдсэн  анхны үнэн ҮЭ  болох МБҮЭ багшаа ядууруулсан гурван талт хэлэлцээг гэгчийг 27 жилийн турш байгуулахгүй нь мэдээж. Бас тэр багшийн эсрэг ажиллахгүй нь илт. Тэгэхээр багш нарын хийх  урт тэмцлийн өрнөлөөр тэд нийгмийн ёроолоосоо өндийж дундаж давхаргад ил гарч ирнэ. Монголын нийгэм дундаж анги, дундаж давхаргатай болно.

Ингэснээр монголын нийгэм эвдэрсэн элс цаг биш харин эрүүл, лонхон бүтэцтэй болно. Тэгснээр манай улс манангаас, мангараас, тэнэглэлээс, мунхаглалаас бүр салж хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжлийн зам орох болно.

 Тэгэхээр багшийн уртад хийх тэмцлээр багш нар л монголоо аварна, монголоо гоёно. Иймд  энэ үг элийрэл яасан ч биш. Энэ үг, харин, том зүг чиг мөн. 


Ц.Лувсандорж 

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 

No comments:

Post a Comment

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...