Friday, December 29, 2017

Одож буй оны төгсгөлд багш нартаа хүргэх үг

 Одож буй оны төгсгөлд багш нартаа хүргэх үг

Багш нар бид үдэж буй энэ онд язгуур эрх ашгийнхаа төлөө нэг, цул, бүхэл болж нэгсэж, нэгдэж их зүйлийг бүтээж чадсан. Багш та бүхний гар дээр энэ оны төгсгөлд ирэх бодит орлого нэмэгдсэн.Бидний тооцоолсноор 1 саяд дөхсөн байх ёстой.
Багш та бүхний гар дээр ирэх оны турш цалин нөхцөлгүй 20 хувиар хүн бүрт нэмэгдэж хүрэх ёстой. Тэгээд урамшуул, нэмэгдлээ авдагаараа авах ёстой. Ингэхэд багш бүрийн орлого өмнөх тэр тооны орчим эргэлдэх ёстой.
Энэ бүхэн багш бид нарын цул болсон тэмцлийн үр дүнгийн эх, үр өгөөжийнх нь оршлийнх нь эх юм.
Багш бид нар ирж буй тэр онд багш мэргэжлээ шавраас татан гаргаж багшийг ядуурлаас салгаж монголоо зөв, төв хөгжилд хүргэхийн төлөө улам ихээр нэгсэж, цулжиж, бүхэлжин онц их хурлынхаа 13 зүйл зорилтыг багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөний өрнөл дор түүний үр болсон Монголын багш нарын нэгдлийн удирдлага дор нэг хэмээр монгол нутаг даяар эвт шаазгай лугаа шаагилдан, цахилалдаж цахим хурдаар, хасын эрчээр хэрэгжүүлнэ.
Үүний тулд 2018 оны эхний хагаст өнөөх шарласан гээд байгаа залхуу ҮЭ-г багшийн төлөө ҮЭ болгох аян өрнүүлье. Өрнүүлэх төдий бус харин тэр залхууг ажил хэрэгч багшийн бодит ҮЭ болгое.
Тэгэх зууртаа ТСМА-бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, энэ чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлтийг оруулах аян өрнүүлье. Өрнүүлэх төдий бус 2019 оны 1 дүгээр сараас ТСМА хэрэгжих, улмаар тэр цагаас багшийн цалин 1,6 сая төгрөгт хүрсэн байх бэлтгэлийг өнөө жил хангая.
Үдэж буй онд багш нар бид, багш бид нар нэгсэж, нэгдэж, бүхэлжин тэмцснээр орхигдсон юм шиг байсан "багш" гэдэг үгийг энэ оны үг болгож чадлаа. Багшийн төлөө гэдэг үйл оны үйлс болгож чадлаа. Багш нар нэгдэж, нэгсэж чаддаг, талбайг дүүргэж чаддаг, нэг удирдлага дор ажил хаяж чаддаг гэдгээ тод харуулж чадлаа. Монголчууд бид цаг нь ирэхэд цул нэг болж нэгдэж чадахыг багш бид нар үүгээрээ, үгээрээ, үйлсээрээ монгол түмэнд харуулж чадлаа. Бид сэрлээ. Тэд бас сэрлээ.
Багш нарын дундаас энэ тэмцлийн явцад сургууль бүрт лидерүүд үнэн төрлөө. Жинхэнэ лидер нь тодорч гарлаа. Сургууль хамт олон намгүй лидертэйгээ харуулж чадлаа.
Лидергүй сургууль жинхэнэ лидертэй сургууль боллоо.
Лидертэй сургуульд одоо намчин хэрэггүй боллоо.
Энэ бол сургууль хамт олон өөрөө өөрөөрөө өндийж хөгжих эх үндэс юм. Үнэн ардчилал юм. Энэ бол багшийн нарын язгуур эрх ашгийхаа төлөө өндийсөн энэ тэмцлийн мөнгөөр хэмжигдэхгүй нэгэн үнэ цэнэ юм.
Лидертэй сургууль эцэстээ лидертэй монголыг бүтээнэ.
Багш бид нар одож буй онд их зүйлийг бүтээсэн.
Багш нар бид ирж буй онд түүнээс ихийг бүтээнэ.
Би үүнд итгэж байна. Бид бас үүнд итгэнэ.
Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Жич. Багш бүхэн лидер юм. Багш нартаа, мөн багшийн тэмцлээр төрсөн сургуулийн бүх лидерүүдэд "Монгол төрийн тэргүүн" бичвэр зориулав.
Монгол Төрийн Тэргүүн
Дурын дундажийн дотор монгол төрийн тэргүүний алба бүр бүхлээрээ, бүтнээрээ, хээв нэг багтаад байдаг болчихсон энэ цагт ийм нэгэн асуултыг эргэцүүлэв. Хэн монгол төрийн тэргүүн, төрийн монгол тэргүүн байж болох вэ?
Монгол төрийн тэргүүний бие эрүүл байвал зохилтой. Эрүүл чийрэг, сүр жавхаат, зөв (алтан) харьцаат биетэй төрийн тэргүүн монгол төрийг чимнэ. Монгол түмнийг баясгана. Монголоо тэргүүлнэ. Монголоо гоёно. Эрүүл төрийн тэргүүн, ингэж, монгол төрийн нэгэн сүр жавхлан болдог.
Монгол төрийн тэргүүний оюун саруул байвал зохилтой. Саруул оюунтай, цэцэн ухаантай төрийн тэргүүн монгол төрийг хөглөнө. Хөгтэй төрийн шийдэл нь цэцэн, шийдвэр нь ухаалаг тул Монгол хөгжинө. Монгол зон дэвжинэ. Саруул төрийн тэргүүн, ингэж л, монгол төрийн хөглөгч болдог.
Монгол төрийн тэргүүний сэтгэл тунгалаг байвал зохистой. Тунгалаг сэтгэлтэй төрийн тэргүүн монгол төрийг хүмүүнжүүлнэ. Хүмүүнлэг төрийн үйл нь энэрэнгүй, үйлс нь гэгээн тул Монгол жаргана. Монгол нутаг цэнгэнэ. Монгол эцэстээ тодрон гэрэлтэнэ. Тунгалаг сэтгэлтэй төрийн тэргүүн, ингэж л, монгол төрийн гэрэлтүүлэгч болдог.
Монгол төрийн тэргүүний үг үнэн байвал зохилтой. Үг бодлын илэрхийлэл. Бодол үйлийн үр. Бодол, үг хоёр ингэж л ижилсэнэ, нэгсэнэ. Үг үнэн байхад бодол цэцэн байна. Бодол бүтэлгүйтэж, үйл харлахад үг худал болно. Төрийн тэргүүн худалч байвал төрийн алба худалжина, хуурмагжина. Шударга ёс худал ёсоор солигдоно. Төрийн монгол тэргүүн, иймд, худалч байж үл болно.
Монгол төрийн тэргүүний үйл уран байвал зохистой. Үйл эхэндээ үг. Үг эхэндээ бодол. Бодол ихэнхдээ зөн. Зөн, бодол, үг, үйл ингэж ижилсэж нэгсэнэ. Үйлс гэгээжиж, сэтгэл тунгалагжихад зөн эргэнэ. Оюун саруул болоход бодол төв болно. Зөн эргэж бодол төвжихөд үг зөвшиж үнэнжинэ. Үг үнэн, зөв болоход үйл уранжина. Эрүүл биетэй, саруул оюунтай, үнэн үгтэй төрийн тэргүүний үйл, аяараа л уранжина, биежинэ. Уран үйлтэй төрийн тэргүүн, ингэж л монгол төрийн урлаач болдог.
Үг үнэн, үйл уран, ухаан саруул, сэтгэл тунгалаг байх нь монгол төрийн тэргүүний; төрийн монгол тэргүүний язгуур шинж мөн. Үг үнэнжиж, үйл уранжиж, ухаан саруулжиж, сэтгэл тунгалагжихад хүн бүтэн, бүхэл, цул, нэг болж нэгсэнэ, тэгсэнэ, хөгсөнө. Монгол төрийн тэргүүн, төрийн монгол тэргүүн, иймд, хөгтэй л хүн байвал зохино. Хөг орсон хүнийг монголчууд нүднийх нь гал, нүүрнийх нь цог, харцных нь энэрэл, үйлийнх нь ур, үйлсийнх гэгээ, дууных нь өнгө, биеийнх нь жавхаагаар шинждэг.
Харцандаа энэрэлтэй, нүдэнтэй галтай, нүүрэндээ гэрэлтэй, сэтгэлдээ хөгтэй, дуу өнгөтэй, гэгээн үйлстэй, сүр жавхаат эрүүл саруул тэр хүн Монгол төрийн тэргүүн, төрийн монгол тэргүүн мөн.
Ц.Лувсандорж
2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Thursday, December 28, 2017

Утгын цаана нь утга бий.Багшийн цаана нь үнэн үнэ цэнэ бий.

Утгын цаана нь утга бий.Багшийн цаана нь үнэн үнэ цэнэ бий.

Аливаа өгүүлбэрт дор хаяж гурваас доошгүй утга бий. Энэ бүхнийг нөхцөл бүрт нь харилцан адилгүй байдлаар тогтоох замаар зөв, төв шийдэлд хүрдэг.
Үүгээр аливаа изм-ийн сайн муу шинж нь аяараа илэрнэ.
Бидний алдаа сэтгэлгээндээ бий.
Бидний ядуурал ч сэтгэлгээндээ л байна.
Бидний доройтол бас сэтгэлгээндээ байна.
Бидний алдар мөн сэтгэлгээндээ бий.
Нэг үгэнд олоон утга бий. Утга угтаа мэдлэг юм. Ийм учраас мэдрэмж мэдлэгээс цэнэтэй, үнэтэй, бас үнэн байдаг.
Үгийн цаана нь утга бий. Утгын цаана бас утга бий.
Бид тэгэхээр аль утгаар нь ойлголцоод, харилцаад байна. "Ойлголцох" гэж хэлэхэд их амархан. Гэвч чинхүү ойлголцоход тун амаргүй.
Энэ тун амаргүйг багш хийдэг.
Үүнд л багшийн үнэн цэнэ үнэ нь оршино.
Багшийн цаана нь үнэн үнэ цэнэ бий. Утгын цаана нь бас л утга бий.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр

Wednesday, December 27, 2017

Муу багш гэж үгүй, харин ...

Муу багш гэж үгүй, харин ...

Дөрвөн түмэн багш манайд лав л бий. Тэд багш мэргэжлээрээ ижилсэж байна, нэгдэж байна. Нэгсэж байна. Өнөөдөр сайн багш байх нь ганцхан тухайн хүнээс хамаарах төдий зүйл биш болсон. Олон зүйлээс хамаарч байна. Цалингаас хамаарч байна.

Бүхлийн зарчмыг барьж иймд бүгдийг нь хайрла.

Муу хүн гэж байдаггүй. Үүнтэй адилаар муу багш байхгүй.

Хүн өөрөө аугаа. Сайн удирдагч хүний түүнийг нь л олж харж, нээж өгдөг юм.
Тэгэхээр сайн удирдагчтай бол. Сайн захиралтай бол.

Намчин биш номчин захиралтай бай. Тэгэхэд муу багш үгүй.Гагцхүү дөрвөн түмэн сайн багш байх болно.

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

 http://bagshbagshdaatusalya.blogspot.com/2017/12/blog-post_27.html

Tuesday, December 26, 2017

Сайдаа!, ЕС-ээ!, Эцэг эхчүүд ээ! Тэр 20 гайхлыг 10 гайхамд шингээж өгнө үү!

Сайдаа!, ЕС-ээ!, Эцэг эхчүүд ээ!

Тэр 20 гайхлыг 10 гайхамд шингээж өгнө үү!
Хүүхдээ бохир бизнесээс хамгаалж тэмцэнэ үү!

20 хичээлийг 2-т багтааж 12 жилийг 1,2 сард багтаах ухаан байна. Ур ч байна. Үүнийг сурах язгуур ухаан, багшлах урлаг гэдэг. Үүнд итгэж чадахгүй байж болно. Тэгвэл 20 хичээлээ ядаж 10-т багтаана уу? Энэ 20 гайхлыг 10 гайхамд шингээж өгнө үү?

Энэ саналыг эцэг эхчүүд ч гэсэн нэг эргэцүүлж, дэргэд чинь үүргэлж байгаа, хүнд цүнх үүрч жижгэрч байгаа, урвайн цонхийж ядарч яваа үр хүүхдээ нэг хайрлан намаа тас мартаж, номоо нэг санаад бодож үзнэ үү!

Хүүхэд гэрийн даалгавар гэж цочин сэрж байна.
Хүүхэд өдөржин, шөнөжин шалгуулна гэж зовниж байна.
Хүүхэд 20 хичээлийн 20 гаруй багштай учраа олох гэж цөхөрч байна.
Хүүхэд цаана чинь хүүхдээрээ өтөлж, хөгширч байна.

Хүүхэд эрүүл байж л эрдэм сурна.
Хүүхэд уншиж байж л ухаан сууна.
Хүүхэд 20 хичээл нэртэй сүлжээ бизнесийнхний, томчуудын хөрөнгө босгох золиос хэзээ ч болж үл болно.

Эцэг эхчүүд ээ!, ЕС-ээ!,Сайдаа!

Хүүхдээ бохир бизнесээс хамгаална үү!

Энэ 20 гайхлыг 10 гайхамд шингээж өгнө үү!

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Багшийн энэ тэмцэл шоу ч биш, тоглоом ч биш

Багшийн энэ тэмцэл шоу ч биш, тоглоом ч биш

Эрдэм ухааныг түгээж, хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч гэгээн мэргэжлийг тээгч болохынхоо хувьд мунхаглалд мунгисан, бурангуйд муруйсан өнөөх 27 жилийн туршид хамгийн ихээр их дорд үзэгдэж, үнэлэгдэж ирсэн багш нар язгуур эрх ашгаа өмгөөлж хамгаалж босон "хөдөлмөрийн хөлс, цалингаа шударга үнэлүүлэх" гэсэн аяараа өрнөсөн хөдөлгөөн тэмцлийг хэн ч өмчлөх гэж бүү оролд. "Минийх" гэж бүү хашгиралд. "Би л хувь нэмэртэй байсан" гэж бүү орилолд.Намчид ходоодон зорилгодоо ашиглах гэж бүү зүтгэ. 

Их үйлсэд хийрхлээр биш харин үйлдлээрээ хувь оруулж, бас эрсдэл үүрч чадсан бол өөртөө баярла.Мартагдсан бол бас л баярла. Дурдагдсан, дутагдсанд бол бас баярла. Учир нь энэ тэмцэл. Тэмцэл гэдэг их эрсдэл. Багш нарын тэмцлийн ганц өмчлөгч нь иймд багш нар юм. Учир нь тэд босож тэмцэж чадсан юм. Бас эрсдэл үүрэгч нь ч мөн л тэд нар юм. Учир нь тэд эрсдэл хийж чадсан юм. Ийм л юм.

Тэгэхээр энэ тэндээс үсэрч гарч ирэн багш биш атлаа "багшаа багшийн төлөө" гэж хэвлэлийн бага хурал хийж орилдож, өрвөлзөж байдаг этгээдүүд эхлээд багш болчихож. Тэгэхэд багшийн ажлыг мэдэрнэ.

Тэр цагт тэд мэдэрч ярина, мэдэрч тэмцэнэ. Бас энэ тэмцлийн чухлаас мэднэ. Эрчилдэж шулуудана. Эргэлзээгүй шулуудана. Ийм л чухал юм.

Багшийн энэ тэмцэл тэгэхээр шоу ч биш, тоглоом  ч биш.

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Friday, December 22, 2017

Бурам лугаа урам

Бурам лугаа урам

Урам бол бурам. Энэ үгийг Даваа Туяа багш хэлсэн юм. Түүний энэ үгийг цалин нэмүүлэх хорооны бид бас энд дахин хэлмээр байна.

Урам бол бурам

"Баярлалаа" гэсэн багш нартаа баярлалаа.

Багш нар бид язгуур эрх ашгийнхаа дор нэг, цул, бүхэл болж нэгдэж, энэ нэгслээ үгээр биш харин үйлс болгож монгол түмэнд үзүүлж чадав. Энэ бол мөнгөөр ч хэмжигдэхээр, бас мөнгөөр ч хэмжигдэхээргүй цэнэтэй, үнэтэй түүхэн үйлс байв.

Багш нар их үйлсийг үглэхгүй, харин үйлээрээ монголд түмэнд хүргэв. Тэд сэрсэн. Тэд бас харсан.

Энэ түүхэн үйлсийг нэг, цул, бүхэл байж хамт бичилцэж чадсан бүх багш нартаа баярлалаа.
Урам бол, Даваа Туяа багшийн хэлснээр, багш нараа "юу" билээ.

"Бурам" байх аа.

Багш бид багшид тусалсан багш бүхэнд бурам лугаа урам их өгч байя. Урам бурам лугаа амттай юм.

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Thursday, December 21, 2017

Багш бүр үүнийг хичээнгүйлэн эргэцүүл

Багш бүр үүнийг хичээнгүйлэн эргэцүүл

2017 оны эцэст багш 1 сая орчмыг элбэг авах ёстой юм.
2018 онд багш бүр нөхцөлгүй 20 хувийн нэмэгдэл дээрээ өөрийн зүтгэл, захирлын тэтгэлийг оруулж чадвал бас нэг сая орчмыг авч чадна, сар бүр.
2019 оноос ТСМА-г 2018 онд бид хамтдаа бүтээж чадвал багш сар 1,6 сая төгрөгт дөхсөн цалин авч чадна.
Багш тэр цагаас сар бүр 1,6 сая төгрөгийн цалинг инфляцийн 1 хувийн өсөлттэй уялдуулан 1,5 хувиар өсгөж авсаар цалингаа тогтмол 1,6 сая төгрөгөөр одоо худалдаж авах талхнаас байнга их байлгаж чадна.
Багшийн цалин алс хэтэд буюу 2022 оноос 3500$ буюу 1990 оноос өмнө багш нарын авдаг байсан 65 төлөгний ханш, цэнэд эргэж хүрнэ. Энэ цагт тэд одоогийн ханшаар 5-7 сая төгрөгийн цалин авах болно. Энэ нь шударга ёс, шударга хөдөлмөрийн соёл мөн.Эргүү биш эрүүл ёс юм.
Энэ үлгэр биш харин үйлс. Шударга ёс ёс байхад энэ нь уулаасаа л үйлс байсан юм.
Үнэндээ багш нар цалингаа нэмүүлэх гээд байгаа юм биш дээ. 1990 оноос өмнө авч байсан, өнгөрсөн 27 жилд 10-20 буурсан цалингаа эргүүлж авах, багш мэргэжлээ нийгмийн хөдөлмөрийн хуваарьт байх ёстой байранд байлгах, өөрөөр хэлбэл, 60-65 бэсрэг төлөгний ханшаар багш мэргэжлээ цэнэлүүлэх шударга ёсыг л нэхэж байгаа юм. Үүнийг үнэнээр нь ухаарч ойлгох хэрэгтэй, хаа хаана.
Багш нарын түр хорооноос зохион байгуулсан Монголын багш нарын онц их хурлын үндсэн илтгэл, шийдвэрийг багш бүр нэг заавал эргүүлж үзээрэй.
Бид цалингаа нэмүүлэх гээд байгаа юм биш дээ. Харин 10-20 дахин буулган мөлжүүлж байгаа мөлжлөгийг зогсоож, эрүүл цагт авдаг л байсан 65 төлөгний ханшаар л багш мэргэжлээ эргүүлж цэнэлүүлэх гээд байгаа юм. Энэ шударга биз дээ.
Багш бүр үүний хичээнгүйлэн эргэцүүл, ухаар. Үнэн нь ийм юм. Шударга нь энэ л юм.

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Wednesday, December 20, 2017

Сайдаа!, ЕС-ээ!, Эцэг эхчүүд ээ!


Сайдаа!, ЕС-ээ!, Эцэг эхчүүд ээ!

20 хичээлийг 2-т багтааж 12 жилийг 1,2 сард багтаах ухаан байна. Ур ч байна. Үүнийг сурах язгуур ухаан, багшлах урлаг гэдэг. Үүнд итгэж чадахгүй байж болно. Тэгвэл 20 хичээлээ ядаж 10-т багтаана уу?

Энэ саналыг эцэг эхчүүд ч гэсэн нэг эргэцүүлж, дэргэд чинь үүргэлж байгаа, хүнд цүнх үүрч жижгэрч байгаа, урвайн цонхийж ядарч яваа үр хүүхдээ нэг хайрлан намаа тас мартаж, номоо нэг санаад бодож үзнэ үү!

Хүүхэд гэрийн даалгавар гэж цочин сэрж байна.
Хүүхэд өдөржин, шөнөжин шалгуулна гэж зовниж байна.
Хүүхэд 20 хичээлийн 20 гаруй багштай учраа олох гэж цөхөрч байна.
Хүүхэд 20 хичээлийн хүнд номыг үүрсээр намхарч томорч байна.
Хүүхэд хүүхдээрээ өтөлж, хөгширч байна, цаана чинь.

Хүүхэд эрүүл байж л эрдэм сурдаг.
Хүүхэд уншиж байж л ухаан суудаг.
Хүүхэд уншихыг сурвал л сэтгэж бүтээдэг.
Хүүхэд бүтээхэд дурлавал л эрдэм өвлөдөг.

Хүүхэд 20 хичээл нэртэй сүлжээ бизнесийнхний, томчуудын хөрөнгө босгох золиос хэзээ ч хаана ч болж үл болно.

Эцэг эхчүүд ээ!, ЕС-ээ!,Сайдаа!

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Tuesday, December 19, 2017

МБН буруу бүхний эсрэг байх болно

МБН буруу бүхний эсрэг байх болно

"ХУД-ийн боловсролын газар ажил хаялтанд идэвхитэй оролцсон зарим сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдийн урамшууллыг хассан байна" гэж нэг багш бичжээ.
Түр хорооноос зохион байгуулсан ажил хаялтад оролцсныг ингэж буруутгаж үл болно. Харин нөгөөх нь бол өөр хэрэг. Тэгэхээр түр хорооных уу, МҮЭ-ийнх үү? Алинаас нь зохион байгуулсан ажил хаялт болохыг тодруулах. Тэгээд түр хорооных бол бодит ганц хоёр тохиолдлыг мэдэх хэрэгтэй юм байна.
Түр хорооноос зохион байгуулсан ажил хаялтад зөв, төв байсны төлөө дарга нар тэднийг ингэх ёсгүй. Учир нь тэд эмзэг мөчид багшаа илүү мэдэрч төв, зөв хандлагыг барьж байсан тулхитай мэдрэмжтэй, сайн захирал, эрхлэгч шүү. Тийм болохоор,тэднийг харин ч илүү ихээр урамшуулах, нэмэгдлийг нэмэх ёстой юм. Тийм учраас "Багш багшдаа тусалъя" МБН-ийнхэн ХУД зочилон очиж тэдэнд хуулийн зөвлөгөө өгч, бурууг нь зөв болгох ёстой.
Энэ нь энэ мэтээр бусдын төлөө зүтгэснээ яг манж шиг харлуулдаг, тарчлаадаг манж сэтгэлгээ, хандлагыг төрийн алба, түмний алба, нийтийн албанаас эхлээд зайлуулах ёстой юм. Буруу зөв юм шиг, тэнэг саруул юм шиг байж үл болно. Зөв нь зөвөөрөө, буруу буруугаараа л байх ёстой. Энэ нь ухаарлын эх, дэвшлийн үндэс мөн.
Ингэж байж л манай улсад шударга ёс үг биш үйлс болж үнэт зүйл, соёл болох юм. Бас багш нар мандана. Тэгээд багш нар монголоо мандуулна.
Эсрэгт нь намчид даваргана. Ном биш харин нам дагасан нь мандсан мэт явж эцэстээ хүний хөөрхий үр бас доройтож өөрсдийг орлодог байдал улам газар авах юм. Энэ нь буруу.
Тэгэхээр МБН буруу бүхний эсрэг байх нь зөв юм. Учир нь МБН хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч багш нарын цул нэгдэл юм. Бид, түүгээр тэгэхээр гэгээг түгээнэ.
Ц.Лувсандорж
2017 онд 12 дугаар сарын 20-ны өдөр

Sunday, December 17, 2017

МБН-ийн дэргэд ажиллах хороо, ажиллах зарчим (санал)

МБН-ийн дэргэд ажиллах хороо, ажиллах зарчим (санал)

Төрийн бус байгууллагын хуулиар тэтгэгдсэн "Багш багшдаа тусалъя" МБН-ийн дэргэд одоогоор лав л 3 хороо байх шинжтэй. Үүнд:
1.Цалингийн хороо
2. Сурах бичгийн хороо
3. Багшийн эрх хамгааллын хороо
Энэ хороодын ажиллах зарчим энгийн, төвөггүй байвал зохино. Асуудлаа дэвшүүлнэ. Арга замаар үүгээр хэлэлцэнэ. Арга замаа хэлэлцэж олсны дараа эвт шаазгай лугаа шаагилдана. Монгол нутгаар шаагилдана.
Эвт шаазгайн шаагилдаан ардчилсан нийгэмд их хүчтэй шүү.

Онц хурлын тогтоолын 13 зүйл зорилт багш бидний шийдвэрлэх ёстой асуудлууд мөн. Багшид тулгамдсан өөр асуудлыг багшид туслахаар энэ бүлгийн хэн ч энд дэвшүүлж хэлэлцүүлж болно. Багш л багшдаа тусална.

Жич: Нэг зүйлийг бүлгийнхэндээ нэн чухалчилан эртнээс тод хэлж байна. Энэ бүлгийн админ-ийг би хэдийд ч нэг ийм л хүнд өгч чадна, өгмөөр байна.Тэр хүн энэ бүлгийн гишүүдийн итгэлийг олсон, шинжигдсэн, танигдсан, уншигдсан, багш мэргэжлийн төлөө зүтгэх чинхүү хүсэл тэмүүлэлтэй байх юм. Бусдыг сурчихаж болно. Ингэж хэлснийг маань бүлгийн гишүүд бүхэн эртээс санаж тэр хүнийг эртнээс шинжиж байх хэрэгтэй юм.
Би МУБИС-ийн багш, даруухан бус хэлэхэд, профессор хүн юм. Энэ түвшинд бичиж тэрлэх ажил их, цаг бага байдаг. Профессорт хүрнэ гэдэг олон жилийн хөлс дуслуулсан хөдөлмөр, зүтгэлийн шим. Бодол үнэтэй, бичвэр цэнэтэй цаг юм. Гэвч энэ нь багш мэргэжлээ өөд нь татахад өөрийгөө зориулахгүй гэсэн үг биш. Гэвч админ-аа тийм нэгэн хүнд шилжүүлэх сонирхол их байна Удирдах зөвлөлөөрөө үүнийг хэлэлцээд, тэр хүнийг шинжээд байх хэрэгтэй. Шийдэх хэрэгтэй.

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

"Багш багшдаа тусалъя" МБН-ийн удирдах зөвлөл

"Багш багшдаа тусалъя" МБН-ийн удирдах зөвлөл

Монголын багш нарын энэ цахим бүлэгт элсэх хүсэлтэй хүнд хоёр л шаардлага тавьдаг. Үүнд:

1.Багш байх. Багш л багшийг мэдэх төдий бус харин үнэн мэдэрсэн байдаг. Ийм хүн багшийн зовлон, жаргалыг бусдад хүргэж чаддаг юм. Илэрхийлж чаддаг юм. Тэгэхээр төлөөлж чадна.

2. Бодит зүстэй, бодит нүүртэй, бодит нэртэй байх. Бодит хүн л бодит байдаг. Түүний шүүмжлэл ч бодит, сайшаал нь ч бодит юм. Ийм бодит байгаа нь сайн, ач тустай үйлс мөн.
Энэ бүлгийг ингэж бүрдүүлснээр боломжит гишүүдийн тоо дөчин мянгаас хол гарахгүй байх ёстой юм. Тоондоо биш харин чанардаа. Үүнд бас утга бий.

Энэ бүлгийн бүх гишүүд эцэстээ, иймд "Багшдаа багшдаа тусалъя" МБН-ийн өргөтгөсөн удирдах зөвлөлийн гишүүд болох юм. Энэ бол цахимын ач тус мөн. Орон зайн ялгаагүйгээр, ялгаварлалгүйгээр гишүүнд бүрт адилхан оролцоо, боломжийг бий болгож чадах юм.
Багш багшдаа яаж бодитой туслах вэ? Энэ л энэ бүлгийн ч, бас энэ удирдах зөвлөлийн ч мөнхийн асуудал, мөнхийн хэлэлцүүлгийн сэдэв байх юм.

Энэ нь дүр эсгэсэн биш харин үнэн ардчиллын утга учир юм. Ардчилал гэдэг олны хүч гэсэн л үг. Багш бид мэргэжлийн бүл-олны хүчийг тулгарч буй асуудал дээр нэгтгэж зангидснаар асуудлыг ардчилсан арга замаар шийдэж чадна. Үүнд л дүр эсгэсэн бус харин үнэн ардчиллын хүч нь бий.

Энэ бүлэгт нэгдсэн багш бүр удирдах зөвлөлийн гишүүнийхээ хувьд тэгэхээр асуудлыг дэвшүүлж, хэлэлцүүлж байх бүрэн эрхтэй. Ингэх цахим боломжийг бас олгож байгаа. Мөн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулж чадах хэрэгтэй багшийг олж нэмж чадна.

 Санал, бодлоо уралдуулж байя. Зөв шийдэлд хүрэхийн тулд шударга шүүмжлэлийг өрнүүлж байя.Бас сайн үйлийг урамшуулж байя. Шилдэгийг нь шилж гаргаж байя.

МБН-ийн багш бид хүний амьдралын замыг гэрэлтүүлдэг багш мэргэжлээ шавраас татаж гарган түүнийг нийгэмд эзэлдэг жам ёсны байранд нь тавьж монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжилд хөтөлж чадна. Энэ бол аугаа үйл юм. Гэгээн үйлс бас мөн.
Ийм гэгээг багш бид нар нэг, цул болсон энэ нэгдэл, нэгслээр Монголдоо авчирч чадна.

"Багш багшдаа тусалъя" МБН-ийн удирдах зөвлөлийн гишүүн Та бүхэн багшдаа бодитой тусалж байх талаар санал хэлж, бодлоо хуваалцаарай. Эргэцүүллийг эхлэхэд хэрэг болж мэдэх дөрвөн санааг асуулт хэлбэрээр үлдээв. Үүнд:

1. Багш багшдаа туслахад чиглэсэн асуудал дэвших бүхэнд МБН-ийн дэргэдэх тухайн асуудлын хороо байгуулдаг байвал ямар вэ? Энэ хороонд орж ажиллах гишүүдийг энэ бүлгээрээ, цахим хэлэлцүүлгээр сонгож, санал авч ажиллуулдаг байвал ямар вэ? 40 мянган багшийн "арми" гэдэг аугаа арми шүү. Тэнд чадвар бүхэн бий. Гагцхүү олж илрүүлэх хэрэгтэй. Бас хууль ёсны нэр, тамга, тэмдэг, бүтэц зохион байгуулалт бий.

2. Одоогийн бидэнд тулгарч буй асуудал бол цалин нэмүүлэх. 2019 оноос цалинг 1,6 сая хүргэхэд чиглэсэн багшийн цалингийн шинэ сүлжээ, түүнтэй уялдуулан "тэргүүлэх салбарын мэргэжлийн ажилтан (ТСМА)" гэсэн шинэ ангиллыг төрийн албанд шинээр оруулах хууль эрх зүйн орчинг одооноос бүрдүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд бид яаж ажиллах вэ? Энэ асуудлаар өмнөх түр хорооны үргэлжлэл, өргөтгөл цалингийн байнгын (бүр) хороог МБН-ийн дэргэд байгуулах хэрэгтэй байна. Хэн хэн орж яаж ажиллах вэ? Мөнхтуяа зохицуулагчид энэ талаар бодсон зүйл их байгаа байх аа.

3.Мурих бичиг болсон сурах бичиг хийн мөнгө хүүлж буй увайгүй үйлдлийг нэн даруй зогсоох нь бас нэг асуудал мөн. Эндээс сурах бичгийн хороо гэж гарч мэдэх нь. Хэн толгойлох уу, хороонд хэн орох уу гээд асуулт ундарна.

4. Цаашилбал, багшийн эрх хамгааллын асуудал чухал болж байна. Багш нарт томорч харьцдаггүй хүн, албан тушаалтан энэ салбарт байхгүй болж. Дурын дундаж тэдний мэргэжлийг дээшлүүлнэ гээд доошлуулж, мөнгө хүүлээд урд нь зогсож байдаг болсон. Дурын дундаж тэднийг шалгаж дүгнэнэ гээд сандаргаж явдаг болсон. Үүнийг цэглэх, цэгцлэх хэрэгтэй. Энд бас нэг хороо хэрэгтэй болно. Багшийн эрх хамгааллын хороо гэгч юм уу?

МБН-ийн хороодын ажиллах зарчим их энгийн юм. Асуудлаар хороо байгуулна. Хороо асуудлаа бүлэгтээ хэлэлцүүлнэ. Хийх арга хэмжээ, үйл ажиллагаагаа цахим бүлэгт дотроо тохирно. Зорилготой үйлийг зохион байгуулалтай даяар хийнэ. Үр дүн авчирна. Багш багшдаа тусална.

Бидний хүч нэгдэлтэй, нэгсэлтэй. Бид нэг болсноор л их хүчтэй байх юм. Үүнийг Алангоо бас сургасан байх аа.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Friday, December 15, 2017

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирал ялзарсан уу, ялгуулсан уу?


Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирал
ялзарсан уу, ялгуулсан уу?

Энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх үү?
Асуулт 1: Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын талбай хаачихсан вэ?
Алга болчихсон уу, Авилгад явчихсан уу?

Асуулт 2. СӨБ, ЕБС-ийн захирлууд яагаад үндсэн ажилтан болох багш нарынхаа цалинг нэмүүлэхийн төлөө өнгөрсөн 27 жилд ганц үг ч ган хийсэнгүй явж ирэв ээ?

Асуулт 3. Сүүлийн үеийн захирлуудыг харахад хөдөөд биеийн тамирын багш голдуу, хотод бага ангийн багш илүү давамгай болоод байна уу, үгүй үү?

Энэ сайн, муугийн аль нь вэ?

Асуулт 4. Сургуулийн хоолны газар, биеийн тамирын заалны түрээсийг яаж ашиглаад байна. Энэ түрээсээр багш нарынхаа цалинг дотоод эх үүсвэрээр нэмчихсэн захирал манай улсад ер нь байна уу? Харин том жичаан хөлөглөдөг нь цөөнгүй юм байна лаа.

Асуулт 5. Захирал, хичээлийн эрхлэгчийн ихэнхи нь өөрийн гэсэн бүлийн номонцорын шахааны сүлжээний нууц ноёнтон удирдагч гэсэн үг хэллэг бий болсон байна лаа. Энэ хэр ортой вэ?

Эхлээд эдгээр таван асуултаар, цаашилбал захирлаа цэвэрлэе гэсэн утга агуулгаар санал, бодлоор хэлнэ үү.

Дүнг үндэслэж бий нэгэн бичвэр бичиж түүх болгож үлдээнэ.

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Шалдар цагийн булдар захирлын монголоо гоёх нэгэн боломж

Шалдар цагийн булдар захирлын монголоо гоёх нэгэн боломж

"Финландын боловсролын талаар захирлуудад хоёр үг хэлээч" гэсэн урилгыг Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнээс авав.

Очтол захирлууд гэхэд, ер нь сэхээтэн гэхэд төвөгтэй, сайнаар хэлбэл, дарга нар, саараар илэрхийлбэл, феодлын үеийн ноёд, хатагтай нар зааланд байх. Ихэнх нь унтаж байсан санагдана. Зарим хоцорч ирж томорч байх.

Хичээл, сургалт "үйл +сэтгэл хөдлөл" гэсэн үнэнг үндэслэн яриагаа эхлэх гэж оролдов.
"Финландын боловсрол, хөгжилд үнэндээ нууц гээд байх нууц алга. Харин тэд их уншдаг юм байна лаа. Энэ л тэдний амжилтын гол онцлог байна даа" гэв. Ингэж хэлснийхээ дараа нэг асуулт тавив.

Бид чинь ер нь хэр уншдаг билээ?

"Өнгөрсөн 2 долоо хоногийн дотор ямар нэгэн ном эргүүлсэн хүн байвал гараа өргөөч" гэв. Нэг ч хүн алга.

Тэгэхээр нь "тэгвэл ганц цогцолбор харсан байна уу" гэв. Бас л таг.

Шалдар цагийн булдар захирлын ийм байдал намайг уулаасаа цочихгүй юм. Яагаад? Өнгөрсөн 27 жилд номын сан нурж,нам л олширсон биз дээ. Гэвч, хамгийн гол нь, ийм асуултын дараа гэмшсэн гэмшил тэдний дунд огт мэдрэгдэхгүй байгаа нь л хамгийн дургүй хүргэмээр нь, бас аймаар нь байсан юм.

Тэгээд Финландын тухай өнөөх яриагаа ингэж төгсгөж билээ.

"Финланд нэг хүн дундажаар жилд 9-10 номыг номын сангаас гэртээ уншихаар зээлж авдаг юм байна лаа. Номын сан нь хүн ном уншихад л зориулагдсан газар байх. Тэгэхэд сургууль бүр ч уншихад зориулагдсан газар байх нь мэдээж. Тийм ээ. Та нар ядаж багш нарынхаа арга зүйн зөвлөлийг ажиллуулж, түүнийг 30 минутын уншлагын цаг болгочихооч. Ингэвэл энэ нь энэ цагийн захирлууд монголоо үнэн гоёсон том үйлс болно доо" захиж билээ.

"Ном, сургууль гэхээсээ илүү нам, сонгууль" гэж шогжиж явдаг болсон шалдар цагийн булдар захирлууд, мэдээж, салан баавгай үлгэр лугаа тэр захиасыг хаалгаа хайгаад л аль хэдийн мартсан яваа биз ээ.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Tuesday, December 12, 2017

ЕС-д нэг үг хүргэчих үү?

ЕС-д нэг үг хүргэчих үү?

Хүүхдийг өнжүүлэн, залуусыг хонуулан хордуулдаг; хүүхдийг том, залуусыг хүүхэд болтол нь донтуулж өвдүүлдэг энэ олон PC тоглоомын газрыг хянаж цэглэхгүй юм уу?

Хүүхэд, залуусаа бид бохир тоглоом, бохир мөнгөнөөс хамгаалах нь төрийн ажил бус уу? Бас түмний үйлс бус үү?

Хөгшид нь гадаа сууж өнждөг, хүүхэд залуус нь PC-т хонож өнгөөрдөг энэ эргүү байдлыг эрүүл болгож болохгүй уу?

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдр

ТСМА-г бий болгохын төлөө өдөр бүр ҮЭ-г шах, шаард, шаналга

ТСМА-г бий болгохын төлөө өдөр бүр ҮЭ-г шах, шаард, шаналга
Багш нарын тэмцлийн нэг үр дүн бол 300000 төгрөг мөн. Яахав, эрх баригчдад сурсан зангаараа багшийн цалинг 1,6 сая болгочих боломжийг больж сонгуулиа бодож нийтэд нь хүртээсэн л хэрэг юм. Багш нар тэмцээгүй бол тэд ингэж нэмэх нь юу л бол доо. Үгүй л байх даа?
Дор оруулсан бичиг бол шийдвэр мөн байх. Гэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга уг нь гарын үсгээ зурчихсан бол; " гэжээ" гэсэн төгсгөл үгүйсэн бол уг нь албан бичгийн наад захын соёлтой харагдах байв, энэ. Одоо яая гэхэв. Төрийн алба ийм л болсон цаг, ингэж л дорд гарсан үе.
Одоо бусад тохиролцоо, нэмэгдлийг нотолсон засгийн газрын тогтоол гарчихвал их сайн юмсан. Илүү баталгаатай юмсан.
Сайд өөрийн эрх мэдлийн хүрээний шийдвэр гаргаж захирлуудад дараах нэмэгдлийг олгох даалгавар, чиглэл өгсөн харагдсан. Үүнд:
1.2017 онд багш бүрт 36 хувийн нэмэгдлийг нөхцөлгүй олгоно.
2. 2018 онд "урамшуулал" гэсэн нэрээр багш бүрт дор хаяж 20 хувийн нэмэгдэл нөхцөлгүй олгоно. Дээр нь бусад урамшуулал, нэмэгдлээ авна. Ингэхэд багшийн цалинг 50 хувиар бодитойгоор нэмчих боломж захирлуудад бий болж байгаа л юм, уг нь. Тэгэхдээ багш нар захирлаа хянаж, шаардаж чадах нь юу л бол доо. Ийм л хэцүү үе шүү дээ. Одоо захирлууд гэдэг намын ажилтан болчихсон байдаг. Тэд ном, сургууль гэхээсээ илүү нам, сонгууль гэдэг л болсон байна лаа. Тийм л биз дээ.
Түр хорооны хэлэлцээрээр хүрсэн, тохирсон тохиролцоо ёсоор бол одоо 2018 онд "2019 оноос багшийн цалинг " багшийн цалин=үндсэн цалин+ ажилласан жилийн нэмэгдэл" (бүх нэмэгдэл үндсэн цалинд оруулсан байх ) гэсэн томьёоллоор тооцож, "Тэргүүлэх Салбарын Мэргэжлийн Ажилтан (ТСМА)" гэсэн багшийн цалингийн тусгай сүлжээг төрийн албанаас ангид бий болгож олгоно" (Онц их хурлын 13 зорилтын нэг) гэсний эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх их ажил байгаа юм. Энэ бол тэмцлийн урт хугацаанд үр өгөөж, үр дүнгээ өгөх гол үр дүн юм.
Үүнд харуул л хэрэгтэй дээ. Үүний төлөө багш нар нөгөө алдарт гурван талт хэлэлцээрээр 27 жил ядууруулсан өнөөх залхуу ҮЭ-гээ өдөр бүр шахаж шаардаж байх хэрэгтэй юм. Ажиллуулах хэрэгтэй. Татвараа өгч ирснээ өдөр бүр түүнд сануулахаа бас бүү март.
Харин "тэмц" гэсэн шаардлагыг Ц.Лувсандоржоос юм уу, Мөнхтуяагаас юм уу, эсвэл энд тэнд олз хайж байгуулагдсан гэх элдэв нэртэй хороодоос ч юм уу,ер нь хэн нэгнээс бүү нэх, бүү итгэ, бүү дага, Учраа олоогүй уулзалт, учралаас бол бүр хол бай. Харин өөрсдөө сургуулийнхаа ҮЭ-г өдөр бүр шахаж шаард. Шарыг, залхууг МБҮЭ болго. Их хурлаа хийж БСШУҮЭ гэсэн энэ эзэн биегүй "нөхрийг" багшийнх болгож эзэн биетэй болго. МБҮЭ-г ЕБС-ийн багш ерөнхийлөгчтэй болго.
Тэгээд ТСМА-г бий болгохын төлөө эвлэлдэн цул болж тэмц. Энэ тэмцлийг хэн нэгнээс бүү нэх. Өөрсдөө өөрийнхөө төлөө өдөр бүр дор дороо бодож хийж тэмц, тэмцэж хий. МБҮЭ-г бүтээж тэмц.
ТСМА-г бий болгохын төлөө өдөр бүр л ҮЭ-г дахин дахин шах, шаард, шаналга.
Эсрэг нь юу болгоно гээч.
Багш элдэв нам, элдэв намчин,элдэв ҮЭ-чин, ер нь хэн нэгний "нохойд барьдаг ганц мод" шиг л буруугаар ашиглагдаад байнга хаягддаг шалны алчуур шиг байсаар, эцэстээ, цалингийн тамын тогоо, инфляцийн чөтгөрийн тойрогтоо мөнхөд элэгдэж эргэлдсээр; эргэлдэж элэгдсээр байх болно.
Үүний л багш бүр өглөө бүр санан босож, өдөр бүр өөрсдийнхөө төлөө эргэцүүлж язгуур эрх ашгийн төлөө үглэх төдий бус харин үйлдэн тэмц. Тэмцэж сур, сурч тэмц.
ТСМА-ийн төлөө залхуу ҮЭ -гээ өдөр бүр шах, шаард, шаналга. Гэхдээ татвараа төлдөг гэдгээ бастэдэнд байнга сануулж бай.
Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Monday, December 11, 2017

Боловсролын сайдад бас нэг үг хүргэчих үү?

Боловсролын сайдад бас нэг үг хүргэчих үү?

Хичээл бүхэн сүлжээ бизнес бий болсон шүү. Тэгэхээр өөрийн бизнесийг хичээл болгон институтчилж авах гэж бөөн лобби болдог юм. Ийм, сайнаар хэлбэл лобби, саараар хэлбэл, авилга хээл хахуулиар хүүхдийн үзэх, судлах хичээл одоо бүр 20 хүрчихээд байна.

Томчдуудад 20 хичээл үзүүлээд 20 хичээлээр өдөр бүр шалгалт авдаг бол яах бол. Уурлах байх даа. Бүр өлсөх байх даа. Гэтэл хүүхэд үүнийг тэсээд л зүтгээд л байгаа юм даа. Ийм л гунигтай юм даа. 

Ямар хичээл нь хэний бизнес, хэний сүлжээ болохыг өнөөх багшийн цалингийн асуудлын дараа их тод, чанга гаргаж тавина.

Хүүхдийг өмөөрөх нь хүний ч ёс, багшийн ч ёс юм.

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Эрүүл мэндийн сайдад нэг эвгүй үг хэлчих үү?

Эрүүл мэндийн сайдад нэг эвгүй үг хэлчих үү?

Эрүүл мэндийн сайд хүүхдийн сурах эрүүл мэндийн талаар их ойлголттой юм байгаа биз дээ.
Одоо энэ хүүхдүүд 19 хичээл үзэж байна. Эрүүл мэндийн хичээл гэж нэмбэл 20 хичээллэрхүү юм болох нь дээ. Бас дээр нь багшаа бэлтгэсэн үү, сурах бичгээ хийхэв үү, андууд аа!
Хийрхэх яахав. Хийхэд учир их бий шүү.
Наад хүүхдүүд чинь өдөржингөө болсон болоогүй юм үзэж, оройжингоо болсон болоогүй юм хуулах юм. Энэ эрүүл хэрэг үү? Энэ эрүүл мэндийн боловсрол уу?
Бидний доройтол сэтгэлгээндээ байгаа. Бидний сэтгэлгээ доройтолдоо байгаа.
Биологийн хичээл, биеийн тамирын хичээлийг эрүүл мэндийн хичээлд нэгтгэсэн юм байгаа биз дээ. Хичээл цөөрсөн юм байгаа биз дээ.
Хүүхдүүдийн тархи гэдэг юу ч хамаагүй чихэж байдаг хогийн сав биш. Улс төржилт бол бүр биш. Өнгөрсөн 27 жилд хичээл гэдэг зарим этгээд, зарим бүлийн ашиг олох их сонирхлыг хангагч болж хувирсанг бид цалингийн тэмцлийн дараа их тод илчилж гарна даа. Хуучин монгол бичиг хэний бизнес үү гээд л эхэлнэ дээ...
Тэгээд ч эрүүл аж төрөхийг эрүүл мэндийг хичээлээр гэхээсээ эрүүл орчин, эрүүл харьцаа, эрүүл нийгэм, эрүүл гэр бүл, эрүүл агаар, эрүүл хооллолтоос л олох вий дээ. Ядаж оройн хоолоо эрт идэх, бага идэхээс эрүүл мэнд эхэлнэ дээ. Хичээл гэхээсээ зөв хэвшил, зуршил юм шүү дээ, эрүүл байх гэдэг.
Эсрэг нь бас л том мангартал, их тэнэглэл болно шүү дээ.
Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Saturday, December 9, 2017

Багш нар ядуурлын ч эсрэг, утааны ч эсрэг зогсоно

Багш нар ядуурлын ч эсрэг, утааны ч эсрэг зогсоно

Гадагшаа хар даа. Утаа байгаа биз.
Амьсгал даа. Утаа орж байгаа биз.

Үүнийг нийгмийн хамгийн хүчирхэг багшийн бүл, "арми" бас эсэргүүцэх ёстой юм. Багш гэгч амиа бодогч биш харин бусдын замыг гэрэлтүүлэгч юм. Бусдын зам, шавь нарын ирээдүй, өрөөлийн амьсгал энд их утаатай байна.

Бас багш ч гэсэн амьсгалдаг юм. Багш ч гэсэн үр хүүхэдтэй юм. Багш бүр олон шавьтай юм. Тэгэхээр багш нар утаатай эвлэрэх биш эсрэг байх ёстой. Үүнийг бас талбайг дүүргэж талыг доргиож илэрхийлэх цаг, мөч ирчихээд байна.

Утааны эсрэг бас хүн бүр л тэмцэх хэрэгтэй. "Хүн бүрт" гэдэг мэдээж хотын гадна уулын аманд хөрвөөж байдаг МАНАН-ын дарга анги, давхарга орохгүй. Тэд даргаа солихоороо л утаатай танилцаж, түүнийгээ их ажил хийчихлээ гэж сурталчилж байдаг юм.

Хэдийгээр тэмцэж чадахааргүй болтлоо ядуурсан ч гэсэн ардууд яаж хийж байгаад өндийж амьдралын эх болсон амьсгалахынхаа төлөө нэгдэж тэмцэх хэрэгтэй юм. Байнга тэдний шаналгаж байх хэрэгтэй.

Азийн цагаан дагиныг тэд яагаад Азийн утаанбаатар, Дэлхийн хамгийн муухай хот болгов оо. Санаатай юу?

Хорт утаагаар амьсгалахыг хүлээн зөвшөөрч, түүнийг тэсэж байна гэдэг арай л хэтэрхий дорой, хэтэрхий ноймоо хэрэг.

Ядуугийн амьдрах хүсэл баяны мөнгөжих учиг гэдэг байх аа. Ийм л юм нөгөө 27 жил болсон биз дээ.

Азийн цагаан дагина Азийн утаанбаатар болсон байгаа биз. Тэр дэлхийн хамгийн архитекторгүй, амбааран хот, муухай хот болсон байгаа биз. Монгол хүний ихэнхи нь цагаан дээлт ядуу Дамдин шиг ард болсон байгаа биз. Нийгмийн чинээлэг дундаж давхаргын гол, сэхээтний цөм байдаг багш нар хүртэл ард болгох аянаар бас ард ядуу болсон байгаа биз.

Энэ бүхний эсрэг багш нар бас дуугарах ёстой юм. Тэд ядуурлаас гарахын төлөө нэгдэж тэмцсэн шигээ амьсгалах эрхийнхээ төлөө цул болж утааны эсрэг нэгдэх хэрэгтэй. Дуу гарах хэрэгтэй, дуулгах хэрэгтэй. Түүний эсрэг зогсох хэрэгтэй.

Амьсгал даа. Утаа орж байгаа биз.

 Гадагшаа хар даа. Утаа байгаа биз.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугнаар сарын 10-ны өдөр

Thursday, December 7, 2017

Багшийн тэмцлийн чөдөр, чөтгөр

Багшийн тэмцлийн чөдөр, чөтгөр
ҮЭ уг нь багшаа хамгаалж байх ёстой байтал манайд шарлаж багшийн тэмцлийн чөдөр, чөтгөр болчихоод байна. Хуулиар тэмцэх эрх зүйн зохицуулалт нь зөвхөн ҮЭ-д байдаг. Гэтэл нэрийг нь татвартай нь авчихсан мөртлөө монголын ҮЭ шарлаж, гурван талт хэлэлцээр гэгчээр багшаа улам ядууруулж байдаг. 27 жил тэр ингэж ядууруулж ажиллаж, ажиллаж ядууруулсан. Энэ үнэн биз дээ?
Ийм чөтгөр, чөдөр ҮЭ цаашид байж яагаад ч болохгүй юм.
Иймд багш нар бид их тэмцлийн хажуугаар ҮЭ -тэйгээ тэмцэх, түүнийг үнэн ҮЭ болгон өөрчлөх их ажилтай болчихоод байгаа юм л даа. Янзын муу ҮЭ шүү. Багшийн цалин нэмүүлэх тэмцлийн чөдөр ҮЭ шүү. Чөтгөр ҮЭ шүү.
Багш нар язгуур эрх ашгаа хамгаалж, багшаа ядуурлаас салгах, боловсролоо доройтлоос гаргах, монголоо дампуурлаас аврахын тулд юуны урьд эдийн засгийн тэмцлийг хууль ёсоор хийх нэгэн жигүүр болох ҮЭ-гээ өөртөө үнэнчээр бий болгож, харин хуурмаг, хулхи, чөдөр, чөтгөрөөс нь салах хэрэгтэй.
Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Багш нар тэмцлээ бүх жигүүрээр хийнэ



Хуурмаг бус жинхэнэ багш бүр улам нэгдэн, бүр цулжин улам эрчимжин язгуур эрх ашгийнхаа төлөө эвлэлдэн, хэлхэлдэн тэмц. Тэмцлээ бэлтгэж өрнүүлнэ. Тэгээд багш бид нар багшаа ч, нийгмээ ч олигархийн савраас салгаж улсаа зөв, төв хөгжилд хүргэнэ.
Бид улсаа олигархийн савраас заавал салгах ёстой.

Ц.Лувсандорж 

2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Wednesday, December 6, 2017

Бодлогын гунигт гурван алдаа


Бодлогын гунигт гурван алдаа

Бодлого санаатай хийж буй үйлдэл юм. Үүгээрээ санаандгүй эсвэл аяараа явагдаж буй үйлээс тэр ялгагдана. Иймд бодлогын алдаа гэдэг санаандгүй алдаа биш юм. Харин бүр санаатай хийж буй үйл мөн.

Боловсролын нийгмийн гол үүрэг нь нийгмийн анги, бүлэг, давхаргаажилтын ялгааг багасгах, хүн бүрт өсөх боломж олгох, нийгмийг тэнцүүлэх, тэнцвэржүүлэхэд оршино. Үүгээрээ боловсрол аль ч нийгэмд тэргүүлэх салбар байдаг.
"Ард болгож ард үлдээнэ" гэж орилолдож, "шударга байцгаая" гэж хийрхэлдэн "ардын", "ардчилсан" гэх зэргээр ард болгохыг булаалцалдсан өнөөх 27 жилд тэргүүлэх энэ салбарт тэнэг гэмээр, гэхдээ үнэндээ "тэнэг биш" маш их бодож хийсэн бодлогын олон, бидэнд буруу тэдэнд харин санаанд хүрсэн "зөв", гунигт үйлдэл хийгдэв. Энд гунигийнх нь эрэмбээр гурвыг нь дурдана.

Эхний гуниг нь энэ. Боловсролын тэнцвэржүүлэх үүргийг алдагдуулах санаатай бодлогыг эрчимтэй хэрэгжүүлсэн. Үүний дүнд шилдэг сайн боловсролын тогтолцоог шилмэл муу болгож авсан юм. Хэрэв боловсролын тогтолцоо нь шилдэг байвал хэний ч хүүхэд шилмэл боловсорч, шилдэг нь болж болно биз дээ. Малчны хүүхэд ч сумын сургуульд суралцах замаар шилдэг боловсролын тогтолцооны дүнд шилдэг нь болж нийгмийн оройн давхарга профессорын бүлд хүрч болно доо. Шилмэл муугаар нь бол энэ, харин, амаргүй. Малчны хүүхэд малчин л болно, эцэстээ. Баяны хүүхэд баян болно. Тэнцвэргүй байдал газар авна. Тэмцэл,зөрчил, гэмт хэрэг ихэснэ. Ангийн тэмцэл,эцэстээ, алийгаа алдана. Энэ бүхэн боловсролын тэнцвэржүүлэх үүргийг үгүй хийхээр холоос шидсэн чулууны том цохилт, их үр мөн.

Эрдэм ухааныг үнэгүйдүүлэх, үнэ цэнэгүй болгох. Энэ бол нөгөө гуниг нь юм. Үүний дүнд эрдэм ухаантай хэсэг нь их хөлс ургасах тусам их ядуу байна, өмчгүй болно, эрүүл бус болно, эрт одно. Энэ нь өмчийн нийгэмд элдэв аргаар өмчтэй болсон хэсэгт нийгмийн цээжинд байх ганц боломж нь юм. Их хуралд хэдэн багш, хэдэн судлаач, хэдэн эрдэмтэн байна даа. Хар даа. Харин хэдэн аварга, хэдэн дуучин, хэдэн наймаачин байна, тэнд. Энэ бол энэ гунигт бодлогын бодит хэмжээс, гор, үр мөн.

Гурав дахь гуниг нь бүр гунигтай ийм юм. Багшийг ядуу байлгах. Дүнд "хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч" нартад ганцхан нандин энэ эрхэм мэргэжлийг дурын дундаж тээх, эзэмших болдог. Үүнээс илүү гуниг гэж хаа байхав дээ. Дурын дундаж багш болчихоод "хүний амьдралын замыг гэрэлтүүлнэ" гээд зогсож байна гээд бод доо. Гэрэл биш харин харанхуй, бурангуй болгох биз. Багш мэргэжлийг ингэж доройтуулахад нийгэм эцэстээ их ядардаг. Үүнийг нөгөөдүүл бас сайн мэдэж байгаа юм. Тэгээд "багшийг өөд татах, багш мэргэжлийг өөд татахад боловсрол тэнцвэржүүлэх үүргээ гүйцэтгээд эхэлнэ" гэдгийг нөгөөдүүл бас л сайн мэдэж байгаа. "Багшийн цалинг нэмж, багшийг нийгмийн байх ёстой байранд хүргэхэд багш мэргэжлийг шилмэл нь эзэмшээд эхэлнэ" гэдгийг тэд мөн л сайн мэдэж байгаа. "Ингэхэд нийгэм хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжлийн замд орчихно" гэдгийг тэд бас, мөн мэднэ. Мэдээж айж эмээж байгаа. Энэ бүр гунигтай.

Дүр эсгэсэн ардчиллын хийрхлийн хий үзэгдэл монголын нутгаар тэнүүлчилсэн, тэнүүчүүлсэн, манарсан өнөөх өнгөрсөн 27 жилд боловсролын тэнцвэржүүлэх үүргийг алдагдуулж, эрдэм ухааныг цэнэгүйдүүлж, багшийг ядууруулсан нь монголын зон олны хувьд их гунигтай бодлогын гурван алдаа байв. Гунигт гурван энэ алдаа нь, харин, тэдэнд бол боловсролд эзэн суух, нийгмийн цээжинд түр боловч залирч байх ховор мөч болж байна.
Гунигт энэ гурвын гор, гайг монгол л амсаж байна. Багш нар бол бүр их амсаж байна. Тэгэхээр энэ гор, гайн үрийг багш нар л таслахаар эхлээд босно.

Муу үрийг таслахад сайн үр дэлгэрнэ.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Sunday, December 3, 2017

Багшийн тэмцлийн хүчирхэг хос жигүүр

Багшийн тэмцлийн хүчирхэг хос жигүүр

Багш нар монголын нийгмийн ганцхан зохион байгуулалтай хүчирхэг бүл юм. Бас тэд өмч хувьчлал гэгчээр өмчгүй үлдээд ялзарсан энэ нийгэмд хөдөлмөрөөрөө амьдрах гэж шударгаар зүтгэж байгаа ганцхан үнэнч, шударга бүлэг бас мөн. 

Хүчирхэг атлаа өмчгүй үлдсний хийгээд багш мэргэжлээ энэ нийгмийн ёроолд унагаж буйн гэрч болсон энэ цагийн багш бид нар багш мэргэжлээ аврахын төлөө; үе үеийн багшийг нартад нандин мэргэжлээрээ хүнийг л эрдмээр хөглөгч болгохын төлөө уртад хурц удаан тэмцэх хэрэгтэй болж байна. Бэлтгэж тэмцэх хэрэгтэй. Ийм тэмцлийг монголд зөвхөн багш нар л хийж чадна. Үүний тулд бэлтгэх хэрэгтэй. Тэмцлийн хос хүчирхэг жигүүртэй болох хэрэгтэй.

МБҮЭ байгуулах. Энэ бол тэмцлийн нэгэн жигүүр мөн. Ийм жигүүртэй болсноор багшийн эдийн засгийн эрхийн төлөөх тэмцэл ҮЭ-ийн хуулиар тэтгэнэ.

Монголын багш нарын онц их хурлаас бүх багш нарыг төлөөлөх эрхтэй болсон "Багш багшдаа тусалъя" Монголын Багш нарын Нэгдлийг тулгарч буй асуудлын чиглэл бүрээр ажиллах байнгын хороодоор бүтэцлэн үр дүнтэй ашиглана. Энэ бол тэмцлийн нөгөө жигүүр юм. Ингэснээр төрийн бус байгууллагын хуулиар хүчлэгдэж төрийн байгууллагатай эн чацуу харьцах, цаашилбал, багш нар улс төрийн тэмцэл хийх боломж бий болно.

Өнөөгийн багш нар ингэж тэмцлийн МБҮЭ, МБН гэсэн хоёр жигүүртэй болсноор дээгүүр шуугин халин нисэх шонхор лугаа улам хүчирхэгжинэ. Энэ хүч бол зөвхөн багш нарын нэг, цул, нэгдэлд мөн чанараараа оршиж байдаг тэдний аугаа чадамж мөн. Энэ чадамжийг хос жигүүрээр тэтгэн илрүүлэх хэрэгтэй. Зөв,төв ашиглах хэрэгтэй. Монголоо аврах хэрэгтэй. Монголоо гоёх хэрэгтэй.

Иймд эхлээд бид уртад хийх тэр чухал тэмцлийнхээ хүчирхэг хос жигүүрийг чанд ургуулах хэрэгтэй байна.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 4-ны өдөр

Saturday, December 2, 2017

Паадгар эрийн морь харалт хууль болж буй цагт

Паадгар эрийн морь харалт хууль болж буй цагт

Ийм нэгэн бодит тохиолдолд саяхан болов.

Хүүхэдтэйгээ явж байтал нэг эр байшингийн булан руу морь харж байснаа бүр даварч бидэнд рүү хараад өмднийхөө цахилгааныг хээв татаж зогсох. Хүүхдүүддээ "Тийшээ битгии хар. Та нар явж бай" гэж хэлээд дургүйд дургүйгээ шууд илэрхийлдэг зангаараа нөгөө эрд хандан "Та чинь яаж байна. Хүүхдийн өмнө ингэж байх нь үлгэргүй хэрэг биш үү. Тэгээд ч энэ нь хууль горимдоо үл нийцэх биз" гэж хэлэв. Гэтэл мань эр "юу ч болоогүй юм шиг хээв нэг байдлаар нэг хоёр алхснаа хууль гэв үү, чи. Ингэж болохыг тэгвэл би маргааш хууль болгоод ирэх үү" гэж их додигор хэлснээ ууртай харж паадгар паадгар алхан холдож билээ. 


Улсаа хуулиар хөтөлнө. Гэхдээ хуулиа лобби нэртэй гууль, гуйланчлал болгож үл болно. Гэвч улсаа дампууртал удирддаг өнөө МАН-АН -ын засаглалын үед юу ч л хууль болж мэднэ. Паадгар эрийн морь харалт хүртэл маргааш хууль болж ирж мэдэх нь дээ. "Паадгар л бол сургуулийн байшингийн булан руу морь харж болно" гэсэн шүү заалт бүр маргааш хууль болоод ирж мэдэх нь дээ. Паадгар эрийн морь харалт хууль болоход эргэлзэх үнэндээ огт хэрэггүй юм, энэ цагт. Учир нь хэрэгжиж буй хуулийн иймэрхүү заалт олон байдаг.

Багш нарт хамаатай нэгэн жишээг энд дурдая.Улс төрчид гэгч сайд нар төрийн алба хаших зууртаа сонгуулийн сурталчилгаагаа татвар төлөгчийн хөрөнгөөр хийж болдог зохицуулалт байхад хөөрхий багш, хэрэв, их хурлын сонгуульд өрсөлдөхөөр бол "сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд багшийн ажлаасаа бүр чөлөөлөгдсөн байна" гэсэн сонгуулийн хуулийн заалт бас залирч явах. "Багшийн ажил хийдэг хүн их хурал сууж үл болно" гэсэн утгатай л юм л даа, угтаа, энэ нь.

Паадгар эрийн морь харалтын тухай хуулийн дараа удахгүй бас "ядуу хүний хүүхдээр хурдан морь унуулж гэмтээж болно" гэсэн гууль бас гарах юм байгаа биз дээ. Гарчихсан ч билүү?

Хуулиар хөтлөх нь муу арга биш. Яахав, хүн төрөлхтний бодож олсон ганц арга нь юм. Гэхдээ хууль гууль болох цагт тэр эрийн хэлснээр "байшингийн булан руу эрчүүд морь харж болно" гэсэн шүү зүйл лобби гэдгээр хууль болоод байх юм.Тэгэхээр ийм хуулиар хөтлөхөд гуулин замд орж гуйланчлал, доройтолд хүргэж бас мэдэх юм. Яг өнөөгийн монгол шиг хууль гаргасаар л эцэст нь улсаа дампууруулсаар байгаа шиг.

Хуулиар хөтөлнө. Гэхдээ хуулиа гууль болгож үл болно.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан

Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ гурван "А" л бидний жинхэнэ дайсан Архидалт, Ажилгүйдэлт, Авилгажилт. Энэ ...